Шатахуун түгээгчийн биед халдсан этгээдэд хариуцлага тооцжээ

Цагдаагийн байгууллагаас 2026 оны 01 дүгээр сарын 12-оос 18-ны өдрүүдэд 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 508 хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн байна.
Эдгээр хэрэгт хүний амьд явах эрхийн эсрэг 5, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 180, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, өмчлөх эрхийн эсрэг 189, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, хүрээлэн байгаа орчны эсрэг 4, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 104, бусад 11 хэрэг багтжээ.
Зөрчлийн шинжтэй 227,383 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 230,134 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Үүний дотор 228,905 зөрчлийг цагдаагийн алба хаагч шийдвэрлэж, 1,229 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2,760, танхайрах 354, хүний биед халдах 256, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 426, замын хөдөлгөөний аюулгүйн тухай хууль зөрчих 224,662, бусад 1,676 зөрчил бүртгэгдсэн байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 83 иргэнд 23,700,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 364 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлжээ.
Тухайлбал, “Саванд бензин өгсөнгүй” гэх шалтгаанаар шатахуун түгээгчийн биед халдсан этгээдэд хариуцлага тооцсон байна. 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цахим орчинд “Манай түгээгчийг саванд бензин өгсөнгүй гэж зодоод зугтаалаа” гэсэн мэдээлэл нийтлэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад иргэн М нь олон нийтийн газарт үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж, хүний биед халдсан үйлдэл гаргасныг тогтоожээ.
Иймээс Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүхээс 10 хоног баривчлах, 20 цагийн албан сургалтад хамруулах шийдвэр гаргасан байна.
