Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад оролцоно

2026-01-19 10:301min
20260119-103023-file.jpeg
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 1 дүгээр сард Давос хотод болох Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтын хүрээнд олон улсын хэлэлцүүлэг, уулзалтуудад оролцохоор төлөвлөжээ.

Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт 2026 оны 1 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотод “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” сэдвийн дор зохион байгуулагдана.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулга уулзалтын хүрээнд “Дэлхийн аялал жуулчлалын өндөр түвшний уулзалт”, “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь”, “Тойрог үнэ цэнийн сүлжээнд хиймэл оюун ухааны хэрэглээ” зэрэг хуралдаанд үг хэлж, санал бодлоо илэрхийлэхээр төлөвлөжээ.

Мөн тэрбээр Дэлхийн эдийн засгийн манлайлагчдын холбогдох хэлэлцүүлгүүдэд оролцож, олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм.