“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, тэмээчдийн V зөвлөгөөн энэ сарын 24, 25-нд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгуулагдана.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь монгол тэмээг сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлыг түгээн дэлгэрүүлэх, мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Наадамд дөрвөн насны тэмээний уралдаан (шилбэн болон хөгшин тайлаг, ат, тором), тэмээн харваа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх, буйл зорох, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан, тэмээтэй буухиа зэрэг найман төрлийн тэмцээн зохион байгуулагдана.
Мөн сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, ингэ шалгаруулах, тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гаргах аж.
Тэмээчдийн V зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого”, “Аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн жил Дорноговь аймагт “Их говийн тэмээ-2025” нэртэй тэмээчдийн баяр зохион байгуулагдсан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2024 онд 480 мянган тэмээ тоолуулсан бол 2025 оны тооллогоор 501 мянга болж өссөн байна.
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам энэ сарын 24-нд шилбэн тайлагны уралдаанаар эхэлж, тэмээтэй ёслолын жагсаалаар үргэлжлэх юм.
