АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт далайд гарцгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзахаар төлөвлөөд байна. Хятад, Оростой харилцаа хурцдаж байгаа энэ үед Монгол Улсыг АНУ стратегийн чухал орон гэж үздэг.
Трампын засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгчийн хэлснээр Трамп энэ үеэр чөлөөт худалдааны гэрээ байгуулах асуудал, түүнчлэн ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элементийн ордод АНУ-аас хөрөнгө оруулалт хийх асуудлыг хэлэлцэх энэ. Эдгээр элемент нь Америкийн технологийн салбарт чухал бөгөөд өнөө үед Хятадаас голдуу авдаг байна.
Эрх бүхий албан тушаалтан мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө нэрээ нууцалсан байна.
Монгол Улс Хятад оролцоогүй худалдааны замыг эрэлхийлж байгаа бөгөөд экспортын гол бараа бүтээгдэхүүн болох ноолуурын зах зээлээ хөгжүүлэхэд тусламж хүсч байна. Ингэхдээ Хятадад дахин боловсруулахаар илгээх шаардлагагүй бэлэн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх сонирхолтой гэж тэрбээр мэдэгджээ. Хоёр дахь албан тушаалтны хэлснээр өдгөө Монгол Улсын худалдааны 90 орчим хувь нь Хятадаар дамжин хийгддэг гэнэ.
Трамп АНУ, Хятадын худалдааны маргаан улам нэмэгдэж байгаа энэ үед бүс нутагт шинэ холбоотнуудыг хайж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч мягмар гарагт Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг багасгах шаардлагаас нь болоод Бээжинтэй сөргөлдсөн билээ. Түүний хэлснээр Хятад улс АНУ-ыг хуурч мэхэлсэн хэвээр байгаа гэнэ. Хоёр улсын төлөөлөгчид гурван сарын турш мухардалд орсны эцэст Шанхайд хэлэлцээгээ сэргээсэн билээ.
Монгол Улс түүнчлэн АНУ-ыг Оростой сөргөлдөхөд чухал байж мэднэ. АНУ-ын албан ёсны төлөөлөгчид Оросын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хутгалдан орсон гэсэн дүгнэлтэд хүрсний дараа Вашингтон, Москвагийн харилцаа муудаж, Трамп Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй эвээ олох оролдлого хийж байгаа ч сайжрахгүй байгаа юм.
Трампын хувьд Монгол Улсын Засгийн газарт халуун дотно ханддаг. Трампын засаг захиргааны төлөөлөгчийн хэлснээр тус улс өмнө нь Ерөнхийлөгчийн хүүд морь бэлэглэж байсан, морь нь Монголд одоо ч байдаг гэж мэдэгджээ. Бэррон хүү энэ бэлгээ хүлээн авах эсэх нь тодорхойгүй гэж засаг захиргааны төлөөлөгч хэлсэн байна.
Монголын тал Бэррон, Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас мориндоо нэр өгөх хүсэлт тавьсан гэнэ. Харин Ерөнхийлөгч Трамп Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулгатай уулзахдаа нэр хайрлаж магадгүй гэдгийг эрх бүхий албан тушаалтан мэдэгджээ.
Эх сурвалж: Bloomberg