ОХУ-ын Сибирьт шатаж буй түймрийн утааны тархалтыг АНУ-ын сансрын агентлаг NASA хиймэл дагуулаас авсан зургаар үзүүлжээ.
Долдугаар сарын 30-нд буюу өчигдөр NOAA/NASA Suomi NPP хиймэл дагуулаас авсан зурагт үзүүлснээр түймрийн утаа Сибирь, Алс Дорнодыг бүрхэж, цаашлаад АНУ, Канадын чигт нүүж байгааг харуулсан байна.
Мөн Монгол улсын хойд хэсэг, үүнд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгуудын нутагт хүрснийг харуулжээ.
Түймэр шатаж байгаа газрууд нь хүн хүрэхэд хэцүү, хүн амьдардаггүй газар нутаг тул Оросын мужуудын удирдлагууд унтраах арга хэмжээ авахаас татгалзсаар өнөөдрийг хүрсэн талаар Москва Таймс сонин мэдээлсэн юм. Мөн муж, хязгааруудын төсөвт түймэр унтраах мөнгө хөрөнгө байхгүй нь үүнд нөлөөлж байгаа гэнэ.
Түймрийн утаа өнөөдөр буюу долдугаар сарын 31-нд АНУ, Канадад хүрэхээр байгааг NASA мэдээлжээ.
Эх сурвалж: NASA