Тавантолгойн Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсэг байгуулав

Монгол Улсын Их Хурлын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангах, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг байгуулсан байна. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх, саналыг авах, сонгон шалгаруулалт зохион байгуулах, гарсан саналуудыг Засгийн газар болон УИХ-д танилцуулах зэрэг шат дараатай арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байна.
Эхний шатанд хөрөнгө оруулагчдын сонирхлыг тодорхойлох зорилгоор олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэсэн.
Бортээгийн орд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн талбайд багтдаг бөгөөд Тавантолгойн нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортолгой, Ончхараат, Бортээг зэрэг хэсгүүдийн нэг юм. 2020 онд тус ордод техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулж, JORC стандартын дагуу нарийвчилсан хайгуул хийсэн бөгөөд баталгаажуулах ТЭЗҮ нь 2026 оны эхний улиралд дуусахаар төлөвлөгдсөн.
Дэлхийн нүүрсний зах зээлийн чиг хандлагад БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай холбоотойгоор 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ буурах эрсдэл ажиглагдаж байна. Иймд олон улс орнууд ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа үе шаттай эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлогоо хадгалах бодлого баримталж байна.
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хөрөнгө оруулагчдаас ил тод, нээлттэй санал авах, нүүрсний үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, төслийн үр өгөөжийн ихэнхийг Монгол Улсад ногдуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, бүх процесс, шат дамжлагыг нээлттэй зохион байгуулах зарчмыг баримтална.
Энэ төсөл бодит орлого бий болгосноор байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж, Үндэсний баялгийн сан арвижин, нийгэм, эдийн засаг, ард иргэд, баялаг бүтээгчдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай санхүүгийн нөөц, бодлогын орон зай нэмэгдэхээр байна.
