Засгийн газар дулааны тарифыг 2027 он хүртэл нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргалаа

2026-01-09 11:301min
Screenshot (127)
Засгийн газар дулааны үнэ тарифыг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Цахилгаан эрчим хүчний үнэ 2024 онд нэмэгдсэн бол дулааны үнэ 2019 оноос өөрчлөгдөөгүй байна.

Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний үнэ тариф, төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгосон байна.

Үүний дагуу хэрэглэгчдэд борлуулах дулааны үнэ тарифыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өөрчлөхөөр төлөвлөж байсан ч энэ хугацааг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.

Өмнө нь дулааны үнэ тарифыг нэмэх шаардлага гарч 2024 оны сүүлээр шийдвэр гаргасан ч хэрэгжүүлээгүй бөгөөд 2025 оны дөрөвдүгээр сард тогтоолд дахин өөрчлөлт оруулсан байна. Гэсэн хэдий ч 2025 оны арванхоёрдугаар сард дахин хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Засгийн газар цахилгаан, дулааны тарифыг бодит өртөгт ойртуулан шинэчлэх шаардлагатай гэж үзэн 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас цахилгаан эрчим хүчний үнийг хэрэглээнээс нь хамааран нэмэгдүүлсэн юм.

Дулааны эрчим хүчний үнэ 2019 оноос хойш өөрчлөгдөөгүй бөгөөд улсын болон хувийн хэвшлийн 70 гаруй конторын ажилчид цалингаа авч чадахгүйд хүрсэн байна. Цахилгаан, ус, дулааны тариф олон жил хамгийн бага түвшинд тогтсон нь ус, дулаан, цахилгаан хангамжийн байгууллагуудын санхүүгийн тогтвортой байдал алдагдахад хүргэсэн байна.

Үүний улмаас дулаан, цахилгааны тасалдал үүсэх эрсдэл нэмэгдэж, шугам сүлжээ, техник технологийг шинэчлэх, засвар үйлчилгээ хийх боломж хязгаарлагдсан байна.

Мөн эрчим хүч, дулааны хэмнэлт, үр ашгийн хувьд хэрэглэгчид хэт хямд тарифтай үед илүү их хэрэглээ гаргадаг бөгөөд олон улсад тарифыг бодит өртгөө нөхдөг байдлаар тогтоодог бөгөөд зөвхөн зорилтот бүлэгт татаас олгодог байна.

Дулааны тарифыг бодит өртөгт ойртуулснаар салбарыг дампуурлаас хамгаалах, дэд бүтцийг шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацаанд найдвартай, тогтвортой үйлчилгээг хангах боломж бүрддэг гэж үзэж байна.