Улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, 46 хүн эмнэлэгт эмчлүүлж байна

2026-01-08 14:011min
20260108-140121-file.jpeg
2026 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт 46 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Насны бүлгээр 10-14 насны хүүхдүүд хамгийн ихээр өвчилжээ.

2026 оны нэгдүгээр сарын 8-ны байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8-аар нэмэгдэж, нийт 46 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн дотор ХӨСҮТ-д 26 хүн, харин хөдөө орон нутагт 20 хүн байна. Мөн гэрийн хяналтад 33 хүн байгаа талаар мэдээлжээ.

Насны бүлгээр авч үзвэл улаанбурхан өвчний хамгийн өндөр тохиолдол 10-14 насны хүүхдүүдэд бүртгэгдсэн бөгөөд тэдний өвчлөл 5173-д хүрсэн байна. Үүний зэрэгцээ 0-4 насны 3252, 5-9 насны 1799, 15-19 насны 1742 хүүхэд улаанбурханаар өвчилжээ.

Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй халдварт өвчин боловч вакцинд хамрагдсанаар сэргийлэх боломжтой юм. Иргэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан талаараа өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг зөвлөж байна.

Вакцинд хамрагдаагүй, хоцорсон хүмүүс вакцинд хамрагдаж өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг уриалж байна.

Эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг халдвараас сэргийлэхэд хариуцлагатай хандахыг анхааруулж байна.