Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ

2026-01-07 18:021min
20260107-180158-file.jpeg
Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад олон улсын нээлттэй санал авах ажиллагааг эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ нь Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгийг ашиглах, иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой юм.

Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэлж байна. Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 7-ны хуралдаанаар олон улсын нээлттэй санал авах (Expression of Interest) хүсэлтийг энэ сарын 9-нд зарлахаар шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын 2025 онд баталсан 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлогыг Засгийн газарт үүрэг болгосон байна.

БНХАУ-ын эрчим хүчний бүтцэд цахилгаан болон сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувь нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого эрчимжиж байгаатай холбогдуулан 2030 оноос хойш нүүрсний эрэлт, үнэ буурах эрсдэл байгаа аж.

Иймээс ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа үе шаттай, шуурхай эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын боломжийг бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байна.