Н.Намуу: “Шалгаж байна” гэсэн мэдэгдэл торгуулийн шийдвэр биш гэдгийг ойлгох хэрэгтэй

2026-01-06 12:301min
20260106-123034-file.jpeg
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтаар илэрч буй замын зөрчлийг "Шалгаж байна" гэсэн мэдэгдэл нь торгуулийн шийдвэр биш болохыг Н.Намуу тайлбарлав.

2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хиймэл оюун ухаанд суурилсан камерын хяналтаар илэрч буй замын хөдөлгөөний зөрчил болон иргэдийн санал гомдлын талаар ХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу мэдээлэл өглөө.

Тэрбээр 2025 оны тавдугаар сараас жолооч нарт ухаалаг системийн илрүүлсэн зөрчилтэй холбоотой сануулах мессеж илгээж эхэлсэн бөгөөд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс “Шалгаж байна” гэсэн горимоор мэдээлэл хүргэж, эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шийдвэрлэж байгааг онцлов.

Цахим орчинд иргэдийн дунд “Шалгаж байна” гэсэн мэдэгдлийг торгуулийн шийдвэр гэж андуурч бухимдсан 10 гаруй төрлийн гомдол гарч байгаа ч шалгалтаар ухаалаг систем буруу ажиллаж, жолоочийг буруутгасан тохиолдол илрээгүйг Н.Намуу хэлэв.

Ухаалаг системийн илрүүлсэн зөрчил нь хурд хэтрүүлэх, гэрэл дохионы зөрчил, эгнээний зөрчил, автобусны буудал дээр зогсох, зогсох шугамыг давж эргэх, урсгал сөрөх, түр эсвэл удаан зогсох хориотой хэсэгт автомашин байрлуулах зэрэг үйлдлүүдийг хамардаг байна.

“Шалгаж байна” гэсэн мэдэгдэл зөрчил болж торгуулийн шийдвэр ирээгүй тохиолдолд тухайн үйлдэл зөрчил биш гэж ойлгохыг зөвлөв.

Ухаалаг системийн гол зорилго нь жолооч нарыг торгох бус замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, түгжрэлийг бууруулах, хариуцлагажуулахад оршдог бөгөөд систем нэвтрэхээс өмнө 13 сая орчим зөрчил илэрч байсан бол сүүлийн таван хоногт 4,000-д хүрсэн нь эерэг өөрчлөлт гэжээ.

Түүнчлэн буяны цуваанд яваа автомашиныг торгохгүй гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд буяны цувааг илтгэх бичигтэй байсан ч торгуулах магадлалтайг тодотгов.

Замын цагдаагийн зохицуулалттай холбоотойгоор ухаалаг систем торгосон тохиолдол байхгүй бөгөөд зөрчлийн нотлох баримтыг бүрдүүлэн эрх бүхий албан тушаалтан хянан шийдвэрлэдэг гэж мэдээлэв. Түргэн тусламж, гал унтраах машин зэрэг онцгой тээврийн хэрэгслийг зам тавьж өгсөн тохиолдолд торгохгүй гэдгийг онцлов.