Нэгдүгээр сард 145 мянган тонн АИ-92 автобензин худалдан авах захиалга баталгаажлаа

2025-12-30 16:011min
20251230-160138-file.jpeg
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ирэх оны нэгдүгээр сард 145 мянган тонн АИ-92 автобензин, 150 мянган тонн дизель түлш худалдан авах захиалгаа баталгаажуулжээ. Шатахууны нийлүүлэлт саадгүй, нөөц бүрдүүлэхэд анхаарч байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нийлүүлэлт, хангамжийг сайжруулж, нөөц бүрдүүлэхэд анхаарч байгааг мэдээлэв. Ирэх оны нэгдүгээр сарын шатахууны захиалгыг баталгаажуулсан бөгөөд нийт 145 мянган тонн АИ-92 автобензин, 150 мянган тонн дизель түлш худалдан авах захиалга баталгаажсан байна.

Өнөөдрийн байдлаар нийт 164 вагон буюу 10 мянган тонн АИ-92 автобензин төмөр зам дээр явж байгаа нь улсын таван өдрийн хэрэглээнд хүрэхүйц хэмжээ юм. ОХУ-аас шатахууны тогтмол нийлүүлэлт хийгдэж байна.

Салбарын дэд сайд Б.Энхтүвшингийн мэдээлснээр газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт саадгүй бөгөөд Зүүн гурван аймагт шатахууны хангамж бүрэн хангагдсан байна. Мөн Булган, Эрээнцав, Боршоо боомтоор дамжуулан Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн сумдад АИ-92, АИ-95 автобензин болон дизель түлш хангалттай хүргэгдсэн байна. Төв болон Хангайн бүсийн зарим аймагт шатахууны нийлүүлэлт үргэлжилж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, дэд сайд Б.Энхтүвшин нар ОХУ, БНХАУ-тай шатахууны нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл солилцож, нийлүүлэлт, хангамжийг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа юм.

Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолдог бөгөөд үүний 95 хувийг ОХУ, үлдсэнийг БНХАУ-аас авдаг. Арванхоёрдугаар сард 83,600 тонн АИ-92 автобензин, 134,240 тонн дизель түлш, 1,560 тонн АИ-95 автобензин худалдан авах захиалга баталгаажуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 75,835 тонн бүтээгдэхүүн импортлогдсон байна.

Үлдсэн 8,000 тонн шатахуун нийлүүлэх дутуу байгаа бөгөөд 5,000 орчим тонн нь замдаа явж байна. Дизель түлшний хувьд арванхоёрдугаар сарын захиалгаас 30 хувиар илүү импортолж, нөөц бүрдүүлж байна.