ОХУ Монголын хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг баталлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Евразийн Эдийн Засгийн Холбоо болон Монгол Улсын хооронд байгуулсан Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурлаа гэж Interfax агентлаг мэдээлэв.
Орос-Монголын худалдааны нийт 90 хувь нь татварын хөнгөлөлт эдлэх бөгөөд одоогоор хэлэлцээр 367 нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг хамарч байна. ОХУ-аас Монголд хийх экспортын 89 хувь нь татвараас чөлөөлөгдөх юм гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлжээ.
Чөлөөт худалдааны үр дүнд Монголын зах зээлд худалдаалагдах хэлэлцээрт багтсан бараа бүтээгдэхүүний дундаж татварын хэмжээ 6 хувиас 0.2 хувь болж буурч, Оросын бизнесүүд жил бүр 8 тэрбум рубль хэмнэх боломжтой болохыг онцолсон байна.
Монгол Улсаас Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнуудад экспортлох 367 барааны 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бараа бөгөөд хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр экспорт 24.1 хувиар өсөх тооцооллыг Засгийн газраас танилцуулсан.
Гэвч МУИС-ийн судлаачдын тооцоолсноор хэлэлцээрийн үр дүнд нийт экспорт 3.7 хувиар өсөх бол импорт 4.72 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа аж үйлдвэрийн салбарын импорт 100 гаруй хувиар өссөнөөр дотоодын үйлдвэрлэл 18 орчим хувиар буурах эрсдэлтэйг анхааруулжээ.
