Ажаа гэгээний санаачилгаар Ахмадын хөгжлийн төв байгуулахаар шав тавьж, барилгын ажил эхэлжээ. Тодруулбал, ахмадын хөгжлийн төв буюу ахмадын өдөр өнжүүлэхийг Хан-Уул дүүрэгт барьж буй юм.
Тус төвийн барилга нийт гурван тэрбумын өртөгөөр босч байгаа бөгөөд зоорийн давхартайгаа зургаан давхар, нийтдээ 2000 ам.метр хэмжээтэй юм байна. Өдөр өнжүүлэхэд 50 орчим ахмадыг хүлээж авдаг болох аж.
Төвөөр үйлчлүүлсэн, зорин очсон ахмадуудад хэрэгтэй чийрэгжүүлэх, тамиржуулах танхимууд байгуулна. Мөн биеэ үзүүлэх, эмчилгээ үйлчилгээ авах боломжтой юм байна. Тоглож наадах өрөө тасалгаатай бөгөөд ахмадуудад таатай орчин бүрдүүлэх гэж байгааг Энэ тухай Ажаа гэгээний “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв”-ийн ТББ-ын менежер Ч.Батнайрамдал дурджээ.
Тэрбээр хэлэхдээ, “Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байгаа. Эрэгтэй 65.6, эмэгтэй 75 болчихсон шүү дээ. Настануудад зориулсан нийгмийн халамж үйлчилгээ харьцангуй бага. Ахмадууд тэтгэвэрт гараад гэртээ суухаар заримд нь цохилт болдог. Ганцаарддаг, насжилттай холбоотой өвчин эмгэгт өртдөг. Гол санаа зовоож байгаа зүйл тэнэгрэл, зөнөгрөл өвчин. Энэ нь 60-аас дээш насныханд элбэг тохиолддог. Энэ төвд Ахмадын төв маань гурван тэрбум төгрөгийн өртөгтэй босч байна. 2019 оны дөрөвдүгээр улиралд багтаан барьж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ажил дажгүй сайн урагштай явж байгаа. Архивын ерөнхий газрын зэргэлдээ, агаар орчин сайтай, хотын дуу чимээнээс зайдуу газар байгаа” хэмээжээ.