Оюутолгойн хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэхээр боллоо

2025-12-19 20:011min
20251219-200111-file.jpeg
УИХ Оюутолгойн хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэн, санал дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэлээ. Засгийн газар зээлийн хүү бууруулах чиглэлд ажиллаж байна.

Өнгөрсөн 7 хоногт Оюутолгойн хянан шалгах сонсгол улс төрийн анхаарал татсан гол үйл явдал байлаа. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалсан түр хороо сонсголын үр дүнг хэлэлцэж, тогтоолын төсөл боловсруулсны дараа танилцуулахыг зорьж байна гэдгээ мэдэгдсэн юм.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар түр хорооны асуудлыг хэлэлцэхэд хариуцсан байнгын хорооноос санал дүгнэлт боловсруулж, тогтоолын төсөл гаргах нь зүйтэй гэж үзжээ. Иймд түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, Эдийн засгийн байнгын хороогоор дахин хэлэлцүүлэн санал дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэв.

УИХ-ын гишүүд болон Засгийн газрын зүгээс түр хорооны тогтоол, шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж, шийдвэрийг илүү нарийвчлан тодорхой болгох шаардлагатайг хэлсэн байна. Тиймээс Оюутолгойн хянан шалгах сонсголын талаар санал дүгнэлт гаргаж, тогтоолын төсөл боловсруулах ажил ирэх долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор үргэлжлэхээр болжээ.

Мөн чуулганы үеэр Засгийн газрын зүгээс зээлийн хүүг бууруулах, менежментийн зардлыг багасгах, төлбөрийг орлого, үр дүнд суурилуулах чиглэлд ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдэгдсэн юм.