АТГ-аас шүүгч нартай холбоотой асуудлаар товч мэдээлэл өглөө.
Салхитын мөнгөний орд газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хооронд шилжүүлсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй холбогдсон, мөн эрх шилжүүлэх гэрээний маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх явцад Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч тал нэр бүхий шүүгч нарт хахуул өгсөн хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулагдсан зарим нөхцөл байдлыг ҮАБЗ-д танилцуулсны үр дүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Үүнээс гадна Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн захиргааны анхан шатны шүүх, дүүргийн шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад нэр бүхий шүүгч, тэдний гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэр хууль ёсны болох үндэслэлээ тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг мөн холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.