Энэ оны эхний хагас жилд АТГ нийт 29 хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Төрийн албан хаагчидтай холбоотой хэргүүдийн тухайд олон нийтийн дунд төөрөгдөл үүсэх нөхцөл байдал үүсдэг учраас АТГ-аас өнөөдөр прокурорын зөвшөөрсөн хэмжээнд зарим хэргийг бичлэгийн хамт ил болгосон юм.
Жишээ нь, МХЕГ-ын хэлтсийн дарга нартай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг янз бүрийн улс төржсөн тайлбараар цахим орчинд нэлээд цацсан. Тэгвэл энэ талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
АТГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд эсвэл хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг.
МХЕГ-ын хил хорио цээрийн хяналтын газрын дарга Н.Баярсайхан, экспорт импортын газрын дарга асан Э.Аззаяа, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар нь Монгол улсын хэлээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах, хясан боогдуулах аргаар нийт 1,000,000,000 /1 тэрбум/орчим төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон. АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид хотхоны тоот орон сууцанд нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг 20 мянган юань илрүүлсэн байна. Мөн МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16 мянга 460 ам.доллар 5.1 сая төгрөг, албаны өрөөнөөс нь 8600 ам.доллар, 10 сая төгрөг, нийт 230.8 сая төгрөг 152 мянга 177 ам.доллар, 70 мянган юанийг хураан авчээ.
Энэ үед Н.Баярсайхан нь оймсныхоо түрийнээс боодол доллар гаргаж ирснийг бичлэгээр баталгаажуулсныг мөн өнөөдөр олон нийтэд ил болголоо.
Хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг 2019 оны тавдугаар сарын 7-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар, мөн тухайн шийтгэх тогтоолоор Э.Аззаяа, Т.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Ер нь тодорхой хэсэг бүлэг этгээдийн зүгээс тухайн гэмт хэргийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогууд цөөнгүй гарах болсныг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэлж байна. Тиймээс тодорхой баримттай хэргийг ийнхүү ил болгож байгаа юм байна. Мөн үүнээс ч их хэмжээний мөнгө бэлнээр хурааж авсан асуудлыг мөрдөн шалгах явцад иймэрхүү байдлаар баримтжуулагддаг гэдгийг тэрээр тодотгож байлаа. Шүүгч нартай холбоотой хэрэг дээр ч иймэрхүү байдлаар нотлох баримтууд авагдсан байгаа аж.
АТГ олон нийтийн анхаарал татсан, нийгэмд тодорхой хэмжээгээр хүлээлт үүсгэсэн хэд хэдэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Хэрэгт холбогдон шалгагдсан нийт хэргийн 29 буюу 10.2 хувийг улс төрийн албан тушаалтнууд, 46 буюу 16.3 хувийг Төрийн захиргааны, 68 буюу 24 хувийг Төрийн тусгай, 28 буюу 9.9 хувийг Төрийн үйлчилгээний, 35 буюу 12.4 хувийг Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтан, 77 буюу 27.2 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн албан тушаалтан эзэлжээ.