Зуны дэлгэр цагт албан байгууллагын болон арван жилийнхний уулзалт, баярын үйл ажиллагаа цөөнгүй болдог. Гэвч амралт зугаалгаар явахдаа иргэд хайхрамжгүй байдлаасаа болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч осолдох, гол усанд үйх явдал байнга гарсаар байна.
Тухайлбал, Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Улаанбаатар-2” амралтын газарт ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөний 30 жилийн ойг ангийнхантайгаа тэмдэглэж байсан иргэн Туул голд сэлж байгаад живжээ. Тэрээр Дундговь аймгийн харьяат 49 настай Н /эрэгтэй/ гэгч байсан бөгөөд согтуу үедээ “Туул” голын усанд сэлж байгаад живсэн байна. Энэ тухай дуудлагыг энэ сарын 26-ны 11:39 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10, нийслэлийн Аврах ангийн 2, нийт 12 алба хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар 28-ны өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, “Туул” голын усаар 10 км-т завиар урсаж, 3-4 метрийн гүнд 10 удаагийн шумбалт хийж, мөн өдрийн 14:25 цагт тус дүүргийн 6 дугаар хорооны “Шугуй” гэдэг газраас Н-ийн цогцсыг Туул голын уснаас /осолдсон газраас зүүн урд зүгт 500 метрт, 2 метрийн гүнээс/ олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэд гол мөрөн хүчтэй үерлэж байгаа энэ үед голын усанд орохгүй байхыг анхааруулж байна.