Гэнэт ухаан ороод хартал машины салон дотор тал нь дэлбэрчихсэн юм шиг байсан. Хажуу тийшээ хартал …/уйлав/. Эхнэр минь амьсгал хураачихсан. Хойд талд сууж явсан хүү минь дээшээ хараад хэвтчихсэн “Аав аа туслаарай” гээд орилж байсан” гээд уйлан ярих залуу. Хүний амьдралд гурван бэрх байдаг гэдэг. Энэ нь давж баршгүй өвчин зовлон, үр хүүхэдгүй байх, нөгөө нь амьдын хагацал юм. Энэ л хатуу тавилан нэгэн гэр бүлд тохиосны хар гайгаар нэгэн залуу хайртай ханиа, бүлтэлзэн бөмбөрөх хоёр жаахан хүү халамжит ээжийг хэдхэн хоногын өмнө алджээ. Тиймээс олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ удаагийнхаа сурвалжлагаа ГССҮТ-ийн Яс үений гэмтэл согогийн III тасагт хэвтэн эмчлүүлж буй нэгэн залуугийн гэр бүлд тохиосон аймшигт ослоос бэлтгэн хүргэж байна.
Тодруулбал энэ сарын 14ны өдөр Ц.Отгонбаатар гэр бүлийн хамт Хөвсгөл нутгийг зорьж яваад осолджээ. Ослын улмаас түүний гэргий Б.Хулан газар дээрээ амь насаа алдсан бол хүү болон өөрөө хүнд гэмтэж бэртжээ. Ц.Отгонбаатар ослын талаар Мөрөнгийн төвөөс бид идэж, уух юмаа базаагаад цааш хөдөлж, Хатгалд нэг хоноод буцах төлөвлөгөөтэй явсан юм. Бид 50-100ын цогцолборыг өнгөрөөд өгсүүр замаар зорчиж явтал гүвээ даваад цэнхэр машин уруудаж явах нь харагдсан. Хоёр хүү минь бас эхнэр маань яг энэ үед унтаж байсан юм.Би жолоо бариж байсан юм л даа.Тэгтэл “хүүе” гэхийн завдалгүй өмнөөс тулаад гараад ирсэн. Эргэлт хийх ямар ч боломж олгоогүй.Тухайн үед би 60-70 км цагийн хурдтай явж байсан юм шүү дээ.Өнгөрсөн хойно нь боддог юм байна.”Ядаж зүүн талруугаа дарчихгүй яаав даа” гэж. Өдөр бүр л өөрийгөө зүхэж, харамсах юм. Жолоо барьж явахдаа амоалтгүй явах, хурд хэтрүүлэх нь бусдын болоод өөрийнх нь амьдрйлыг сүйтгэдэг юм байна. Осол гаргасан жолоочтой уулзаагүй. Чухам яагаад өмнөөс ороод ирсэнийг мэдэхгүй байна. Үнэхээр ойлгохгүй байна.Бид хоёрын урд, хойно байгаагүй шүү дээ.Гуравхан секунд тэсч хүлээж чадаагүй юм байхдаа л гэж бодож хэвтэнэ. Хоёр хүүхэд минь сэтгэлийн шархтай өсөх нь. Тэднийхээ шархыг яаж эдгээнэ дээ гэж бодох юм. Дээрээс нь аж амьдралаа яаж авч явах вэ? гээд олон зүйл бодогдож байна. Хэзээ хөл дээрээ босох юм бүү мэд, эмч нар, босож чадна тэсэх хэрэгтэй шүү хөдлөхийг хичээгээрэй гэсэн. Чадлаараа хөдлөөд л байна. Мэс засал амжилттай сайн болсон, эмчилгээ дууссан. Эхнэр бурханы оронд очсон ч бусадтай инээж, сувилагч нартай ярилцах зэргээр өөрийгөө хуурч, өдөр хоногийг аргацааж байна даа. “Осолд орсоноос хойш арав гаруй хоногийн хугацаанд сэтгэлээ өарих гэж янз бүрээр оролдлоо ” гэж нүд нь чийгтэж яриа нь тасалдана. Тэрбээр ослын дараа ГССҮТ-д яаралтай хүргэгдэн ирсэн бөгөөд нэг чөмгөнд нь хиймэл чөмөг суулгаж, нөгөөхийг нь хадаж, бяцарсан хэсгийг нь шрүпээр тогтоосон байна. Хоёр хөл нь мэдээтэй ч, ташаа нь мэдээгүй байгаа аж. Бие засахдаа хүртэл 3-4 хүн оролцуулж бие засаж байгаа гэсэн.
“Ээжтэй хамт дөрвүүлээ гэртээ харъя тэгэх үү аав аа”
Ц.Отгонбаатарын эхнэрийг Б.Хулан гэдэг байжээ. Өдгөө 29 настай. Тэднийх 2 хөөрхөн хүүтэй. Том хүү О.Түвшинбаяр нь 10 настай, бага хүү О.Мөнхтүвшин 8 настай. Бага хүү нь ээжийгээ бурханы орныг зорьсныг сайн ойлгохгүй “Ээжийгээ эмнэлэгт эргэж очино, Ээжтэйгээ ярина” гэдгээс өөр зүйл ярихаа больжээ. Харин том хүү нь багын цовоо сэргэлэн, хөдөлгөөнтэй байдаг байсан бол ослын дараагаас бараг ярихаа больж. Үүнийг нь ослын “шок”-нд орсон гэж эмч нар дүгнэсэн байна. “Аав аа та хэзээ эдгэрэх юм бэ?. Та хэзээ эмлэгээс гарах вэ. Ээжтэйгээ хамт дөрвүүлээ гэртээ харъя тэгэх үү” гэсэн асуултаар дарах наймхан настай хүү. Эдгээр үгийг сонсох бүрт эцгийн сэтгэл хөндүүрлэнэ. Тэр гайтай хар өдрийг зүхнэ. Бас өөрийгөө зүхнэ. Эрийн шийр зааж, нугарахгүйг хичээв ч хөл дээрээ босож чадах болов уу гэсэн нууцхан айдас сэтгэлд нь хурна. Гнхдээ л “хоёр хүүгийнхэ төлөө тэмцэнэ. Би босож чадна” хэмээн хоолой зангируулан уйлах нь сэтгэл эрхгүй өвтгөнө.
“Бидэнд үхэх эрх байхгүй”
“Одоо л хүүхдийн маань амьдрал тогтох нь” хэмээн баярлаж байсан ээж өнөөдөр охиноо эцсийн замд нь үдэхээр бэлтгэж байна. Тэрбээр арьсан гутал урлаж, борлуулдаг байсан бөгөөд энэ эрдмээ бага охиныхоо гэр бүлд нь өвлүүлж байгаадаа хөл гөзөр хүрэхгүй явжээ. Гэтэл нэг л өдөр “Ээж ээ бид сайхан аялаж явна Та битгий санаа зовоорой” гэж хэлсэнээс хойш ганцхан цагийн дараа нарт хорвоогоос хальсан байна. “Сайхан охиноо сайн яваад ирээрэй гээд” үдээд явуулсан юмсан. Гэтэл хэзээ ч иргэж ирэхгүйгээр яваад өглөө” хэмээн цээжээ “уран” уйлах ээж. Хэдий охиноо алдсан ч ард нь үлдсэн хоёр зээ хүүгээ, ханиа алдсан хүргэн хүүгээ бодож шүд зууна. Уйлах байсан ч далд очин мэгшинэ. Ингэж л хүргэн хүүгээ сэтгэл, санаагаар дэмжин хань болж байгаа аж.
“Монголчууд минь, хүүхдүүд минь жолооны ард суухдаа үргэлж биендээ хүндэтгэлтэй хандаж, эргэж хэзээ ч ирэхгүй ганцхан хором мөчийн төлөө болгоомжтой яваарай” л гэж хэлье дээ. Би хоёр сайхан охинтой байсан. Гэтэл хоёр сайхан цэцэгний минь нэгийг таслаад хаячихлаа. Одоо хоёр зээгээ хөтлөөд үлдлээ. Тэднийхээ төлөө бидэнд үхэх эрх байхгүй” хэмээн хэлэх ээжийн нүүр, нүд шорвог нулимсанд түлэгдэн улайжээ. Осолд орсон залуу энэ сарын 11-нд Улаанбаатар хотоос хөдөлж Хутаг-Өндөр суманд аавындаа очиж хоёр хончихоод цааш хөдөлжээ. Учир нь тэд далай ээжийг үзэхээр олон сар, жил төлөвлөсөн. Энэ мөрөөдлөө биелүүлэхээр яваад ийн осолдсон байна.
“Залуус гутлын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчид байжээ”
Залуу гэр бүл гутлын үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчид байжээ. Хадам ээж нь 20 гаруй жил гутал үйлдвэрлэсэн бөгөөд үүнийгээ хоёр хүүхэддээ өвлүүлсэн байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд өөрийн чаддаг бүхнээ зааж өгсөний буянд байнгын үйлчлүүлэгчид нь олширч, дагаад ажилдаа улам ихээр дурлаж, урам зоригтой ажиллаж байжээ. Тэд арьсан гутлаа дэлхийн зах зээл дээр борлуулж, дэлхийн брэнд болгох зорилго тээсэн байжээ. Гэтэл энэ зорилго нь хормын төдийд үгүй болж, зөвхөн “мөрөөдөл” болж үлдэхэд хүрчээ. Зам тээврийн ослын улмаас хэдэн хүн амьдын хагацал, зовлон үзэж, энэлэн шаналдаг болохыг та бүхэн харлаа. Автын ослоор жилд 500 хүн хорвоог орхиж байна. “Та сайн яваад ирэв үү” гэж асуухаас “Хурдан яваад ирэв үү” гэж монголчууд бид хэзээ ч асуудаггүй билээ. Тиймээс хэзээ ч иргэж ирэхгүй нэг хормын төлөө хурдаа тохируулаарай. ” Үнэ цэнэтэй амьдарлаа хайрлаарай, жолооч нар аа” гэж уриалаад энэ удаагийнхаа сурвалжлагаа төгсгөе. ЯАРААД ЯАХАВ ДЭЭ ЖОЛООЧ НАРАА
Эх сурвалж:24цаг.mn