Монгол Улс “Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадамд гурван тамирчин оролцоно

2025-11-17 15:081min
20251117-150836-file.jpeg
Монголын гүйлтийн цана болон уулын цанын тамирчид “Милан-Кортина-2026” өвлийн олимпын наадамд олимпын эрх хангалаа. Одоогоор гурван тамирчин оролцох эрхтэй болсон бөгөөд олимпын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна.

“Милан-Кортина-2026” өвлийн олимпын XXV наадам нээлтээ хийхэд 80 хоног үлдлээ. Итали улсын Милан, Кортина хотод 2026 оны хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулагдах өвлийн олимпын наадмын эрхийн төлөөх тэмцээнүүд үргэлжилж байна.

Монгол Улсаас одоогоор гүйлтийн цанын хоёр тамирчин эрхийн болзол хангасан бөгөөд өнгөрөгч долоо хоногт уулын цанын төрлөөр нэг тамирчин олимпын эрх авлаа. Ингэснээр Монгол Улсын баг тамирчид гурван тамирчин оролцохоор боллоо.

Гүйлтийн цаначдаас Б.Ачбадрах “Пёнчан-2018”, “Бээжин-2022” олимпын наадамд оролцсон бөгөөд “Милан-Кортина-2026” наадамд гурав дахь удаагаа оролцох эрхээ авсан байна. Мөн эмэгтэй гүйлтийн цаначдаас Э.Ариунтунгалаг “Харбин-2025” Азийн наадамд хамгийн өндөр амжилт үзүүлж олимпын эрх хангалаа.

Уулын цанаар анх удаа олимпын эрх авсан А.Ариунбат Дубай хотод болсон олон улсын тэмцээнд таван гарааны дундаж оноогоор олимпын шаардлагыг хангажээ.

Мөн зарим спортын төрлүүдэд олимпын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байгаа бөгөөд тэшүүрийн тамирчин М.Борхүү, эмэгтэй тэшүүрч Б.Гэрэлтуяа, биатлоны тамирчин Э.Энхсайхан нар олон улсын тэмцээнүүдэд оролцож байна.

Монголын баг одоогоор гүйлтийн цана болон уулын цанын нийт гурван олимпын эрхтэй бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 18 хүртэл зарим спортын төрлөөр олимпын эцсийн эрхийн нэрс тодрох юм.