“Сансар гарден” цэцэрлэгийн багш хүүхдүүдийг скочоор боосон асуудлыг шалгаж байна

“Сансар гарден” цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай скочоор боосон гэх бичлэг цахим орчинд нийтлэгдэж, асуудал үүссэн талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
ХУД-ийн 23 дугаар хороо, Арцатын ам, Агарта хотхоны 1421 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг тус цэцэрлэгт хяналт шалгалт хийхэд цэцэрлэг ажиллаагүй бөгөөд гадна хаалганы шил хагарсан, цоожтой байсан гэжээ.
Цэцэрлэг нь 2 бүлэгтэй, нийт 35 хүүхэдтэй, 1 бүлгийн багш, 1 туслах багш, 1 тогоочтой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрхлэгч нь жирэмсний амралттай байна.
Скочоор боосон бичлэг нь энэ сарын 11-нд эцэг эхийн группэд байршуулсан бөгөөд эцэг эхчүүд камерын бичлэгийг шалгаж, ХУД-ийн цагдаад мэдэгдсэн байна.
Цагдаагийн байгууллага бичлэгийг хураан авч, багшийг шалгаж байгаа бөгөөд Боловсролын хяналтын улсын байцаагч цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байгааг мэдээлэв.
А.Амартүвшин хэлэхдээ, шалгалтын ажиллагаа дууссаны дараа багшид хариуцлага тооцож, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хууль ёсны арга хэмжээ авна гэжээ. Тэрбээр өөрийн бяцхан охинтой учир ийм ёс бус үйлдэлтэй эвлэрч болохгүй гэдгээ онцолсон байна.
