Нийслэлийн Засаг даргын орлогч Баянзүрх дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажиллалаа. Тэрбээр түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчидтай уулзаж, угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянах, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч буйг ажиглав.
Төвийн засварчид айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулгаж шинэчлэн барих үйлчилгээ үзүүлж байна. Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд ажилласан үеэр “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын Өрхийн зуухны инженер Б.Өлзийбаяр айлын ханан пийшин буруу өрөгдсөн, хуучирсан зэргээс үүдэн галлагаа хийхэд угаарын хийн эрсдэл үүсэх аюултай байгааг дурдсан.
Тэрбээр “Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг. Шаардлагатай үед хяналтын ажилтнууд ирж тусалдаг. Янданг хөөлж, пийшинг буулгаж, шинэчилж байна. Айлуудын ханан пийшин, яндан өөр өөр байдаг. Трубаар хийсэн яндан нь эдийн засгийн хэмнэлттэй ч өвөл цантаж мөстөх, угаартах эрсдэл үүсгэдэг. Иймд тоосгоор яндангаа барихыг зөвлөж байна. Тоосго дулаан алдагдал багатай учраас цантаж, мөстөх нь бага. Трубаар хийсэн яндантай айлууд шавраар болон шилэн хөвөнгөөр дулаалах хэрэгтэй. Мөн зуух, яндангаа тогтмол хөөлөхийг зөвлөж байна. Монгол гэртэй айл 7-14 хоног, ханан пийшинтэй айлууд 14-21 хоног тутам зуухны хүхээгний үнсийг авах шаардлагатай” гэв.
