С.Амарсайханыг Шадар сайдаас чөлөөлж, Х.Ганхуягийг томилох асуудлыг хойшлууллаа

2025 оны 10 дугаар сарын 29-нд болсон Засгийн газрын хуралдаанаар Шадар сайд асан С.Амарсайханыг “Хариуцлагын гэрээ”-г зөрчсөн гэж үзэн, Шадар сайдын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан талаар Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдлээ. Түүнийг Засгийн газрыг огцруулах ажиллагаанд оролцож, танхимын зарчмыг зөрчсөн, мөн шатахууны хомсдлыг шийдвэрлэсэн байхад хомсдолтой мэт мэдээлэл тараан олон нийтийг өдөөн турхирсан, Засгийн газрын үйл ажиллагааны эсрэг ажилласан гэж үзсэн байна.
С.Амарсайхан нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, чуулганы хуралдааны үеэр Засгийн газрын эсрэг санал өгсөн юм.
Түүний оронд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилохоор болсон бөгөөд энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах хүсэлтийг Ерөнхий сайдаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид ирүүлжээ. Гэвч 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн чуулганаар хэлэлцэх байсан асуудлыг Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны даргын ажлаа өгөөгүй тул түр хойшлуулж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон байна.
Х.Ганхуяг өмнө нь Шадар сайдаар томилогдох тухай албан бус мэдээлэл гарсан бөгөөд тэрбээр сэтгүүлчдийн асуултад “Төсөв гээд ухаан сөхөө алга, сайдын санал ирвэл ярилцана” гэж хариулсан юм. Тэрбээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байсан гол дүрүүдийн нэг юм.
Шадар сайдаар томилогдсоноор Х.Ганхуяг дараах байгууллагуудыг хариуцан ажиллах юм. Үүнд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Стандарт хэмжил зүйн газар, Монополын эсрэг газар, Үндэсний итгэмжлэлийн төв зэрэг чухал байгууллагууд багтдаг.
