Б.Ерэн-Өлзийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томиллоо

Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолоор Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Ерэн-Өлзийг томиллоо. Тэрбээр өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн томилгоог танилцуулахдаа Б.Ерэн-Өлзийн төрийн албанд ажилласан туршлага, мэргэжлийн ур чадвар, төрийн албаны мерит зарчмаар шатлан дэвшсэн байдлыг онцлон тэмдэглэж, Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд амжилт хүслээ.
Б.Ерэн-Өлзий нь 1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 3 дугаар 10 жилийн сургууль, 2003 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийг цахилгаан системийн автоматжуулалтын инженерээр төгссөн бөгөөд 2014 онд Австрали улсын Сиднейн Технологийн их сургуульд эрчим хүчний бодлого төлөвлөлтийн магистрын зэрэг хамгаалсан.
Тэрбээр 2004 оноос эхлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрчим хүчний яамны харьяа байгууллагуудад инженер багш, судлаач, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг албан тушаалд ажиллаж ирсэн туршлагатай юм.
