ЕБС-ийн 10 сургуулийн хоолны газрыг сайжруулах төслийн засварын ажил үргэлжилж байна

2025-11-06 15:511min
20251106-155105-file.jpeg

“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах төсөл”-ийг Боловсролын яам, БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийслэлийн 10 сургуулийн хоолны газрыг шинэчлэн засварлаж байгаа бөгөөд 2025 онд 40, 48, 9 дүгээр сургууль болон ШУТИС-ийн дэргэдэх “Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв”-ийн засвар бүрэн дууссан байна.

Тус төвд хоолзүйч, тогооч нарт зориулсан 120 цагийн сургалт зохион байгуулагдаж, 2025 онд 1,725, 2026 онд 1,910 оролцогчийг хамруулахаар төлөвлөжээ. Мөн хүүхдийн хоол, шим тэжээлийн талаар гарын авлага, видео контент бэлтгэн түгээж байна.

Төслийн Удирдах хорооны хуралд Койка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан оролцож, 2025 онд засвар үйлчилгээ хийгдсэн гурван сургуульд сургалтын төвийн тоног төхөөрөмж арванхоёрдугаар сарын дундуур ирж, угсарч суурилах ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд 2026 оны нэгдүгээр сард сургуулиуд стандартын шаардлага хангасан орчинд, тэжээллэг хоолоор үйлчлэх боломжтой болохыг онцолсон.

Төслийн дараагийн долоон сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын засвар үйлчилгээг гэрээний хугацаанд гүйцэтгэхэд тал бүрийн оролцоо, ойлголцол чухал бөгөөд хэрэгжилтэд илүү сайн анхаарч, боломжит дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байна.