Нийслэлд өвлийн бэлтгэл бүрэн хангагдаж, байгууллагуудыг халтиргаанаас сэргийлэх наалт наахыг уриалав

Нийслэлийн зам, талбайн цэвэрлэгээтэй холбоотой өвлийн бэлтгэл ажил 100 хувь хангагдсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн мэдээллээ.
Цаг уурын байгууллагаас энэ долоо хоногийн Пүрэв, Баасан, Бямба гарагт бага хэмжээний цас орохыг урьдчилан мэдээлсэн бөгөөд одоогийн байдлаар зам талбайн үйлчлэгчид, цас цэвэрлэгээний бэлтгэл бүрэн хангагдсан байна.
Өмнөх аравдугаар сарын 15-16-нд орсон цаснаар 680 тонн давс, 230 тонн бодис, 30 тонн хайрга дайргыг зарцуулсан бол одоо 7,100 тонн давс, 7,500 тонн бодис, 1,300 метр куб хайрга, дайргын нөөц үлдсэн байна.
Зам талбайн ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчилөх зорилгоор парк шинэчлэлт хийж, гар шүүр, цас, навч үлээгч зэрэг бичил тоног төхөөрөмжүүдийг эргэн төлөлтөөр худалдан авах бэлтгэл хангагдаж байгаа аж.
2025 онд зам талбайн шүүртэй машин, цас хусагч машин, вакум үлээгч, угаагч, хайс, хашлага угаагч зэрэг 250 орчим тоног төхөөрөмж худалдаж авсан бөгөөд ирэх жил цас мөс бутлагч, цас хусагч, шүүр зэрэг нэмэлт тоноглолууд болон ТҮК-үүдэд кран, ковш, экскаватор зэрэг техникүүдийг авах төлөвлөгөөтэй байна.
Гудамж, зам талбайд үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метрийн цэвэрлэгээг хийх, үүдэндээ халтирахаас хамгаалсан наалт наахыг уриалж байна.
Өнгөрсөн онд халтирч унаснаас нэг өдөрт 103 хүн бэртсэн тохиолдол Гэмтэл согог судлалын үндэсний төвд бүртгэгдсэн байна.
