Нийслэлийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл, авто зогсоол, дугуйн замын төслүүдийг хэлэлцэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн төслүүд, “Хотула” аппликейшний хэрэглээний талаар хэлэлцэв.
Өмнөх зөвлөгөөнд өгсөн 24 үүрэг даалгаврын хэрэгжилт 80.3 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцууллаа.
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний 13 байршилд ажлын зураг төслийг боловсруулж байна.
Хот байгуулалт, хотын стандартын газраас авто зогсоол байгуулах 40 байршлын жагсаалтыг гаргаж, загвар зураг боловсруулжээ. Эдгээрээс 30 байршилд нарийвчилсан ТЭЗҮ боловсруулахаар бэлтгэл хангаж байна.
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт 75.17 км урт дугуйн болон явган хүний зам барихаар төлөвлөж, 2026 онд эхний ээлжийн 12.9 км дугуйн зам, 555 метр явган хүний гүүрэн гарцыг барихаар зураг төслийг боловсруулж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 750 төсөл, арга хэмжээ төлөвлөснөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Ус, дулаан, цахилгаан, инженерийн хангамж, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл 86-100 хувьтай хэрэгжиж байна.
Нийслэлийн хэмжээнд 6889.8 тонн давс, 7127.6 тонн бодис, 1003.4 шоо метр дайргын үлдэгдэлтэй байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай үүрэг өгч, нутгийн захиргааны байгууллагууд 2025 онд төлөвлөсөн ажлуудаа эрчимжүүлэх, түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж иргэдэд түлшийг хүртээмжтэй олгох, авто тээврийн шалган бүртгэх товчоо болон маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байх хяналтыг сайжруулахыг даалгав.
