Монгол Улс Азийн сагсан бөмбөгийн холбооны чуулганд амжилттай оролцлоо

2025-11-01 08:001min
20251101-080043-file.jpeg

Энэтхэгийн Банглор хотод болсон “FIBA Asia Mid-Term Assembly” чуулганд Монголын сагсан бөмбөгийн холбооны генсек С.Төгсжаргал оролцлоо.

Чуулганы үеэр Азийн сагсан бөмбөгийн холбооны 2023-2025 оны үйл ажиллагааны тайлан танилцуулж, Монгол Улсыг өсвөр үеийн болон eFIBA, 3х3 төрлийн тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж, идэвхтэй оролцсон орнуудын нэг гэж онцлов.

Мөн Монголын охидын баг АНУ-ын багийг хожсон түүхэн ялалтыг олон улсын сагсан бөмбөгийн хүрээнд “Боломжгүй зүйл гэж үгүй” гэсэн итгэлийг түгээсэн онцгой үйл явдал хэмээн үнэлсэн байна.

ФИБА-гийн ерөнхийлөгч Шэйх Сауд Али Ал Тани Монгол Улсад FIBA U16 Asia Cup болон FIBA 3×3 World Cup-ийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, Монголын сагсан бөмбөгийн холбоонд баяр хүргэв.

Чуулганд оролцогчид Монгол Улсыг олон улсын тэмцээнүүдийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг, багууд нь амжилттай өрсөлддөг, дотоодын лиг нь идэвхтэй хөгжиж буй гэж үнэлсэн байна.

Түүнчлэн Монголын сагсан бөмбөгийн холбоо ФИБА-гийн хоёр шинэ төслийг эх орондоо хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.