АНУ-ын Калифорнийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн өвчнөө дийлэлгүй нас барсан харамсалтай мэдээг хүргэж байна. Энэ тухай мэдээллийг түүний багш О.Баярцогт фейсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд мэдэгдлээ.
Талийгаач салхин цэцгийн улмаас гэмтсэн эрхтэнүүд нь ажиллахгүй байсан тул бөөрний, уушигны, амьсгалын аппаратанд холбогдсон байсан юм. 2019 оны зургадугаар сарын 27-нд аав ээж эгчийгээ очсоны дараа хэд хоног толгойгоо дохих, нүдээ нээх аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад долдугаар сарын 10-нд гэнэт муудаж, ухаан орохгүй байсаар ийн хорвоог орхин оджээ.
Түүний ээж н.Нямсүрэн хүүгээ сахиж байх үедээ Монголын ард түмэнд хандан ийн бичиж байсан юм. Тэрбээр “Өөрийн хүү, охин, ах эгч дүү найз нь өвдөж шаналж байгаа мэт бидний зовлонг ойлгон сэтгэл санаа хандиваар тусалж байгаа сайхан сэтгэлт монгол ахан дүүс та нартаа маш их баярлаж талархаж байна. Та найргүйгээр манай гэр бүл яах байсан юм бүү мэд. Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Миний Монголын ард түмний ээж аав нарт бидэнд тохиолдсон зүйл бүү тохиолдоосой гэж залбирч байна” хэмээсэн юм.