Ерөнхийлөгчийн хориг нь Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдсөн ноцтой байдлын хариу юм

2025-10-20 15:151min
563934534_793585250233688_3039925497551939398_n

УИХ-ын чуулганы 2025/10/17 өдрийн нэгдсэн хуралдаанаар Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулж Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд огцорсон юм.

Улмаар тухайн үед УИХ санал хураахдаа “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэснийг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураасан бөгөөд энэ нь Үндсэн хуулийн зохицуулалтад байхгүй аж.

Ерөнхий сайдыг огцруулах асуудалд ТББХ санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулсны дараа хуралдаан даргалагч “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье” гэсэн томьёоллоор л санал хураалтыг явуулах ёстой гэж нэр бүхий хуульчид үзэж байна.

Харин өнөөдөр 2025/10/20 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн УИХ-ын 2025 оны 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа.

Ерөнхийлөгчийн тавьсан хориг нь Монголын ард түмний үнэт зүйл, хүсэл зоригийн илэрхийлэл болсон Үндсэн хууль дээдлэх зарчим зөрчигдсөн ноцтой нөхцөл байдалд хариу өгч буй хэрэг юм. Үндсэн хууль зөрчигдөх нь улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд ноцтой хохирол учруулах аюултайг Ерөнхийлөгч онцгойлон сануулж байна.
Иймд УИХ нь 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 95 дугаар тогтоолд тавьсан энэхүү хоригийг зохих хууль тогтоомжид заасны дагуу (14 хоногийн дотор) хэлэлцэн, хууль ёсны дагуу шийдвэрлэх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэдээлснээр, энэ хориг нь улс төрийн бус, харин Үндсэн хуулийн эрхийн дагуух асуудал юм.

Тайлбар: Хэрэв УИХ нь хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гурвын хоёр буюу 66.6 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол уг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэх бөгөөд, хоригийг хүлээж авсан тохиолдолд Ерөнхий сайдыг огцруулах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг холбогдох байнгын хороо боловсруулна.