Улсын эдийн засаг, нийгэм эрсдэлд орж, ард түмний эрх ашиг хөсөр хаягдлаа

2025-10-14 12:461min
20251014nnn

Улс төрийн хэвийн бус байдал хэрүүл тэмцэл, сөрөг хүчний улс төрийн шалтгаантай үйлдлүүдээс болж ирэх оны төсөв батлах үйл явц гацав. Энэ нь Монгол Улсыг эдийн засгийн болон нийгмийн хямралд орох магадлалыг нэмэгдүүлж байна.

Төсөв батлагдахгүй удвал үүсэх гол эрсдэл:

  1. 2026.01.01-ээс төрийн байгууллагууд цалингаа бүрэн хэмжээнд нь тавьж чадахгүй, зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин тавих нөхцөл бүрдэнэ.
  2.  Ахмадуудын тэтгэвэр мөн ялгаагүй (цалинтай нэгэн адил) нөлөөлөлд өртөх эрсдэлтэй. (Төсөв бол ахмадуудын тэтгэвэр, эмзэг бүлгийнхний халамж байдаг).
  3. Аж ахуйн нэгж (ААН)-үүд болон эдийн засгийн хохирол
    ◦ Төрийн худалдан авалт зогсох эрсдэлтэй.
    ◦ Төрийн худалдан авалт зогссоноор ААН-үүд ажилгүй болж, улмаар тэдний ажилчид орлогогүй болно. Тэдэнд бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ч байхгүй.
    ◦ Нийт эдийн засгийн 90 хувь нь төр, төсвөөс хамааралтай манай улсын хувьд төсөв батлагдахгүй байх нь төсөөлшгүй хортой үр дагаварт хүргэж болзошгүй.

Улстөрчид одоо улс орны эрх ашиг (ард түмний эрх ашиг) гэх нэгдүгээр эрэмбийг алдагдуулж, улс төрийн шалтгаанаар төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулж байна. Энэ нь ард түмнийхээ эрх ашгаас урвасан үйлдэл.

Уг нь улс орны эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, хувь улстөрчийн эрх ашиг гуравдугаарт байх ёстой.

Эрх баригчид доторх хэрүүл тэмцэл, талцал хуваагдал нь төсвийн хэлэлцүүлгийг удаашруулсан.

Сөрөг хүчин болох Ардчилсан нам (АН) нь Төсвийг буцаах шаардлага тавьж, УИХ-ын чуулганыг хясан боосноороо цалин, тэтгэвэр нэмэх боломжийг хааж байна.

Иймд, эрүүл улстөржилт үгүйлэгдэж байна. Хэрвээ эрүүл улстөржилт байсан бол сөрөг хүчний намуудын гол сэдэв нь төсөв болж, иргэдийнхээ орлогыг яаж өсгөх, цалин, тэтгэврийг яаж нэмэх вэ гэдгээ хэлэлцээд суух байсан.