Ц.Энхчимэг: Угаарын хий мэдрэгч суурилуулсан айл өрхүүдийг 24 цагаар хянаж байна

2025-10-14 10:041min
medregch

Нийслэл хотын гэр хорооллын 122 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулаад байгаа аж. Эдгээр төхөөрөмжөөс ирэх мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилчид 24 цагаар хянаж, угаарын хий илэрсэн айл өрхүүдтэй цаг алдалгүй холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргэдэг байна.

“Угаарын хий мэдрэгч “Intum” ухаалаг төхөөрөмжийг суурилуулсан айл өрхүүдэд Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 574 ажилтан хяналт тавьж, операторууд 24 цагаар ажилладаг байна. Тухайн айлд угаарын хий өндөр болсон дохиолол мэдээлэл тус төвд ирж, бүртгэлтэй утасны дугаар руу нь холбогдож, агаар сэлгэлт хийхийг зөвлөж байхаар зохион байгуулалт хийжээ. Хэрвээ тухайн айлд угаарын хий өссөн үед гар утсаар нь холбогдож чадахгүй тохиолдолд долоон дүүрэгт албан үүрэг гүйцэтгэж байгаа 500 гэрээт ажилтанд хэлснээр айлд очиж шалгах аж. Тэд хамгийн анхны тусламж буюу агаар сэлгэлтийг хийж эмнэлгийн болон цагдаагийн байгууллагад мэдэгддэх юм байна.

Галлагааны улирал эхэлснээс хойш тус төвийнхөн дэлгэцээр 15,525 дуудлага хүлээн авч, 31,050 хүний амь нас эрстэхээс урьдчилан сэргийлжээ.

Тус төвийн хяналтын системд нийслэлд ажиллаж байгаа бүх угаарын хий мэдрэгчийн дохиолол ирэх бөгөөд дараах түвшинд ангилан харуулдаг байна.

Онц аюултай
Аюултай
Их бохирдолтой
Дунд зэргийн
Бага бохирдолтой
Хэвийн

Галлагааны улирал эхэлсэн энэ үед угаарын хийн хордлогоос сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх
Яндан, зуухны битүүмжлэлийг тогтмол шалгах
Угаарын хийн мэдрэгчийг зааврын дагуу зөв ашиглах
Агаар сэлгэлтийг тогтмол хийх
Галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах
Гэр байшингаа сайтар дулаалах

Шахмал түлш нь нягт бүтэцтэй учир гаднаа цоггүй харагдавч дотроо цогшиж, угаарын хий ялгаруулсаар байдаг аж.

Угаарын хийн хордлогын шинж тэмдэг:

Толгой өвдөх
Чих шуугих
Нүүр улайх (ягаан, хөхөлбөр туяатай болох)
Огиулж бөөлжих
Ханиалгах
Ухаан балартаж унах
Гуйвж, дайвах

Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай 103 дугаарт дуудлага өгнө.
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй 70004454, засвар үйлчилгээний хэлтэст дуудлага өгөх бол 70119410 дугаарт холбогдох боломжтой байна.