Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер, техникийн ажилчдын цалинг 50-60 хувиар нэмэх шийдвэрт хүрчээ

2025-10-09 13:511min
Screenshot 2025-10-09 134835

Улаанбаатар хотын “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т өнөөдрийн байдлаар 1,935 инженер техникийн ажилтан, албан хаагч ажилладаг байна.

Тус газрын ажилчдын дундаж цалинг өнөөдөр 3 сая 319 мянган төгрөгт хүргэж, нийт ажилчдын үндсэн цалинг 50-60 хувиар нэмэгдүүлжээ.

2024 оны нийт гүйцэтгэлээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн ажилчид сард дунджаар 2 сая 37 мянган төгрөгийн цалинтай. Харин ээлжийн ажилчдын сарын цалин 930 мянган төгрөг байжээ.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр “Нийслэлийн зүгээс манай байгууллагын ажилчдын цалинг нэмэхэд дэмжлэг үзүүлээд зогсохгүй 2025 онд ажилчдын хоол, унааны мөнгө 4,000 төгрөг байсныг 20,000 болгож нэмэгдүүлсэн.

Шугам сүлжээ шинэчлэх ажлын хүрээнд 15.4 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн.

Эрчим хүчний зохицуулах хорооноос баталдаг дулааны үнэ тарифыг 39.2 хувиар бууруулж батлуулсан юм. Ингэснээр дулааны үнэ тарифын цэвэр орлогын хэмжээг 10 орчим тэрбумаар нэмэгдүүлсэн” гэв.

Тус байгууллагын инженер, техникийн ажилтнууд 2019 онд 110 мянган өрхөд үйлчилдэг байсан бол 2025 онд 145 мянган өрхийн 436 мянга 785 оршин суугч, 11,688 аж ахуйн нэгжид 24 цагийн турш тасралтгүй, найдвартай үйлчилгээг үзүүлж, таван жилд үйлчилгээ үзүүлдэг өрхийн тоо 35 мянгаар нэмэгдсэн ч инженер, техникийн ажилчдын тоог нэмээгүй аж.