Японы ерөнхий сайд “нүдний шил хамгийн сайхан зохидог” улс төрчөөр шалгарчээ

Япон улсын ерөнхий сайд Шигэрү Ишиба өчигдөр тус улсын нүдний шил зүүдэг олны танил хүмүүсийн шалгаруулалтын улс төрчдийн ангилалд тэргүүлжээ.
Нэг жил орчим хугацаанд ерөнхий сайдын албан тушаалыг хашсан 68 настай тэрбээр сонгуулийн тааруу үр дүнгийн улмаас удахгүй огцрох гэж байгаа билээ.
Хамгийн сүүлд 29 жилийн өмнө ерөнхий сайд Рютаро Хашимото “нүдний шил хамгийн сайхан зохидог” улс төрчөөр шалгарч байсныг зохион байгуулагчид нь мэдээлжээ.
Токио хотод оптик хэрэгсэл, нүдний шилний томоохон үзэсгэлэн худалдаа нээгдэх үеэр дээрх шалгаруулалтыг зохион байгуулдаг уламжлалтай юм байна.
“Амьдралд заримдаа сайхан зүйл тохиолдох юм” гэж хэлсэн Ишиба уг шагналыг “санаанд оромгүй үйл явдал” гэж тодорхойлжээ.
Эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын өмнөх сунгаанд өрсөлдөх үеэр нь дүр төрхөө зөөллөхийг олон нийттэй харилцах чиглэлийн мэргэжилтнүүд зөвлөсөн тул шил зүүж эхэлснээ Ишиба энэ үеэр ярьсан байна.
“Хүмүүсийг айлгаж, түгшээхгүйгээр итгэлийг нь олж авах чухал” гэж тэр хэлжээ.
Шалгаруулалтыг зохион байгуулагчид Ишибад нарны шил бэлэглэхэд тэр шууд зүүж үзсэн байна.
Йелийн Их сургуулийн дэд профессор Юсүке Нарита, жүжигчин Фүмино Кимүра нар эдийн засаг, урлаг соёлын салбараас нүдний шил хамгийн сайхан зохидог эрхмүүдээр тус тус тодорчээ.
Эх сурвалж: Kyodo News