Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амгалан” амаржих газраар үйлчлүүлэгчдийн зүгээс тус эмнэлгийн захиргаанд байнга хандах болжээ. Учир нь хуучин III төрөх байршил, нэрээ сольж, “Амгалан” амаржих газар нэртэйгээр “Хаанчлал” нэртэй зочид буудал, баар цэнгээний газартай хөрш зэргэлдээ шилжин суурьших болсон байдаг.
“Хаанчлал” цэнгээний газар нь шөнөжингөө үйл ажиллагаа явуулдаг тул тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэх гомдол тасрахаа болсон нь энэ аж. Тус зочид буудал, цэнгээний газраар үйлчлүүлэгчид нь эмнэлгийн гадна талбайд шээх, бөөлжих, архи пиво, ундааны сав хаяж орчныг бохирдуулах нь энүүхэнд аж. Зүй бус үйлдэлд шаардлага тавьсан хэнийг ч үл тоомсорлодог гэх “Хаанчлал”-ынхан тэрүүхэндээ хаан мэт дураар авирлаж, эмнэлгийн ажилтанд ёс зүйгүй хандаж, хэл амаар доромжлон, бэртээж гэмтээх тохиолдол ч гарсан байна.
Тиймээс “Амгалан” амаржих газрын зүгээс тухайн зочид буудлын архи согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүсч Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хонгорт ханджээ. НИТХ-ын төлөөлөгч Г.Хонгор асуудлыг нийтийн эрх ашгийн талд шийдвэрлэх болно гэсэн хариуг өгөөд байгаа юм байна.