Монголчууд ой тогтоолтын тэмцээнд 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоожээ

Филиппин улсын Манилла хотод өнгөрсөн бямба гарагт Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд Энэтхэг, Филиппин, Индонез, Австрали зэрэг улсын 68 шилдэг тамирчин оюун ухаанаа уралдуулснаас монголчууд нийт 55 медаль хүртэж, үнэмлэхүй амжилт тогтоолоо. Тодруулбал, манай улсаас 21 тамирчин олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан, туслах дасгалжуулагч Б.Батдаваа нарын хамт тус тэмцээнд амжилттай оролцон нийт 60 медалиас 18 алт, 20 мөнгө, 17 хүрэл хүртэв.
Багийн төрөлд манай тамирчид 16 122 оноо авч, аварга болжээ. Харин ганцаарчилсан төрөлд тэмцээний нийлбэр оноогоор Энэтхэг улсын тамирчин Вишва Рахакумар тэргүүлсэн аж.
Ташрамд, Монголын оюун ухааны академийн тамирчид АНУ, Англи, Герман, Турк, Хятад, Хонконг, Сингапур, Австри, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын тэмцээнд амжилттай оролцож, нийт 153 цом, 1662 медаль хүртээд байна.