Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын хэн нь МАН-ын даргад тохирох вэ санал асуулгад иргэдийн 40 хувь нь “Хэн ч болсон ялгаагүй” гэжээ.

“МЕС” судалгааны байгууллага ”Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчдийн рейтинг, улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг уламжлалтай. Энэ удаад 2025 оны есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд санамсаргүй түүврийн аргачлалаар Улаанбаатар болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 700 иргэнээс судалгаа авчээ. Судалгаагаар нийгэмд талцал хуваагдлыг бий болгоод байгаа МАН-ын даргад нэр дэвшигчтэй холбоотой асуудлын эн тэргүүнд хөнджээ. МАН-ын даргыг намын гишүүд нь сонгох ч таны бодлоор МАН-ын дарга хэн болох нь зүйтэй вэ” гэх асуултад иргэд,
- 40 хувь нь “Хэн ч болсон ялгаагүй”
- 18 хувь нь “Мэдэхгүй”
- 14 хувь нь “Г.Занданшатар”
- 13 хувь нь “Д.Амарбаясгалан”
- 9 хувь нь “Татгалзсан”
- 6 хувь нь “Л.Оюун-Эрдэнэ” гэж хариулжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Л.Амарбаясгалан хоёрт иргэдийн итгэлцэл эн тэнцүү гарсан ч тэдний улс төрд дарах жин, давуу болон сул тал, ямар боломж, аюул эрсдэл байгааг ч судалгаанд түшиглэн гаргажээ. Тодруулбал,
-
Г.Занданшатарын давуу тал : Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд, ЕТГ-ын дарга зэрэг олон түвшинд ажилласан туршлагатай. Үндсэн хууль болон парламентын шинэчлэлд идэвхийлэн оролцсон. МАН-ын ахмад, дунд үеийн гишүүдийн дунд тогтвортой, хүлээцтэй гэж үнэлэгддэг. Ерөнхийлөгчийн шууд дэмжлэгтэй. МАН-ын фракцуудын дунд эвлэрүүлэн зуучлагчийн байр суурь эзлэх боломжтой.
-
Сул тал: Олон нийтийг шууд удирдан оройлох харизм бага. Өөрийн бүлэглэл эсвэл санхүүгийн нөлөө бүхий сүлжээ байхгүй. Залуу манлайлагчдын дунд “хуучинсаг” дүр төрхтэй гэж харагддаг. Хэт төвийг сахисан, нам дорой харагдах эрсдэлтэй
-
Боломжууд: МАН дотор бүлэглэлүүдийн хоорондын хүчний тэнцвэрт “гуравдагч, лидер болж гарч ирэх боломжтой.
-
Эрсдэл: Хүчтэй лидерүүдийн дунд хавчигдаж,аль нэг талын шахалтад орох, иргэдийн хувьд “шинэ цус” сэлбэх хандлага давамгайлбал түүнийг хэт хуучны дундаж шийдэл гэж үзэж болзошгүй.
-
Д.Амарбаясгалангийн хувьд
-
Давуу тал: МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан, намын бүтэц, аймаг, дүүргийн түвшний удирдлагуудыг сайн мэддэг, өргөн сүлжээтэй. Сонгуулийн кампанит ажил, сурталчилгаа, намын өдөр тутмын зохион байгуулалтад туршлагатай. Залуу шинэчлэгчидтэй эвсэх, хувьсах чадвартай. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах оролдлого идэвхтэй хийдэг.
-
Сул тал: Олон нийтийн өмнө бие даасан улс төрийн лидерийн дүрээр харагдах нь хязгаарлагдмал. Нийтийн дэмжлэгээс илүү дотоод механизмаар хүчтэй гэж үнэлэгддэг. Өндөр төвшний албан тушаалд бие даасан шийдвэр гаргаж, манлайлж байгаагүй. У.Хүрэлсүхтэй дайтаж эхэлсэн нь нийгэмд анзаарагддаг.
- Боломжууд: Намын залуу үеийн лидерийн дүрийг авах, уламжлалт лидерүүдийн дараа залгамж халааны лидер болж гарч ирэх боломжтой. 2026 оноос хойшхи шинэчлэлийн дүр, ирэх сонгуулиудад намын дүр төрхийг шинэчлэхэд зохион байгуулагч, эвлэрүүлэгчийн дүрээр ирэх боломж.
- Эрсдэл: У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн хүчний тэнцвэрт хавчигдах, түүнийг өөрсдийн талд бүрэн оруулах, ашиглах гэсэн оролдох нь эрсдэл бий болгоно. Намын дотоод өрсөлдөөний хувьд илүү харизмтай, туршлагатай, дэмжлэгтэй улстөрчид түүнийг даргын сунгаанд дарах магадлалтай.
-
-
100 жилийн түүхтэй МАН-ын даргад ид өрсөлдөж, эн тэнцүү яваа Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг олон нийт, нийгэм ийн үзэж, дүгнэжээ. Иргэн та ч дүгнэлтээ хийнэ биз ээ.