БНӨСУ-д НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа манай мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийнхан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Бентью хотын төвд байрлах “Спорт цогцолбор”-ыг сэргээн засварлах ажлыг энэ сарын 15-22-ны өдрүүдэд гүйцэтгэснээ хүлээлгэж өглөө. Уг арга хэмжээнд UNMISS ажиллагааны мужийн зохицуулагч, хатагтай Хироко Хирахора, мотобуудлагын батальоны VIII ээлжийн цэргийн багийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын Хойд Лиеч мужийн залуучуудын хөгжил, мэдээлэл, спортын яамыг хариуцсан дарга ноён Лам Тунгар, Эрүүл мэнд хариуцсан дарга, ноён Тутлийт Жиеч, мужийн хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөгийн холбоодын дасгалжуулагч нар, баг, тамирчид, НҮБ-ын болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн ажилчид, иргэд, хүүхэд, багачууд оролцсон байна.
Энэхүү цогцолборын засварын ажлыг батальоны дотоод нөөц бололцоонд тулгуурлан хөл бөмбөгийн талбайд 2 сүүдрэвч, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн талбайн шийдийг шинэчлэн бүх талбайг олон улсын стандартын дагуу будаж засварлахын зэрэгцээ биеийн тамирын савлуур, дүүжин, мөн эргэн тойронд 30 урт сандлыг хийж байршуулав. “Спорт цогцолбор”-ыг шинэчлэгдсэнтэй холбогдуулж нөхөрсөг тоглолт зохион байгуулан, оролцсон бүх баг, тамирчдад дурсгалын медаль, спортын иж бүрдэл /сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөгийн тор, бөмбөг/, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад хичээлийн хэрэглэл бэлэглэжээ.
Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ