Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар энэ сарын 18-нд “Дэлгэр мөрөн” голд 2 хүн сэлж байснаас 21 настай залуу М живсэн талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 15 алба хаагч, ар гэрийн 12 хүн, нийт 27 хүн 07:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, тус сумын “Өндөр-Эрэг” гэдэг газраас “Хилэнтийн гүүр”, “Өндөр хясаа”, “Хүүшийн булан”, “Ногоон булаг”, “Баян-Эрхэт” гэдэг газар болон Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн “Цацын булан”, “Ялаатын-Ам”, “Тээлийн-Ам” гэдэг газар хүртэл нийт 160 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:47 цагт Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тээлийн-Ам” гэдэг газраас буюу осолдсон газраас зүүн урд зүгт 160 км-ийн зайд, “Сэлэнгэ” мөрний салаанаас живсэн залуугийн цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Харин өчигдөр голд суусан автомашинаас хоёр том хүн, нэг бага насны хүүхдийг эсэн мэнд аварчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн “Ерөө” голын “Дунд гарам” гэдэг газар иргэн Ү-гийн жолоодож явсан “ЗИЛ-131” загварын ачааны автомашин “Ерөө” голын усанд суужээ. Тэрээр “Хонин нуга” гэдэг газраас мод бэлтгэн Мандал сум руу тээвэрлэж явсан ба өөрөөсөө гадна хоёр зорчигчтой явж байсан аж.
Голд машин суусан тухай дуудлагыг энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 01:48 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 3 алба хаагч, орон нутгийн 1 иргэний хамт 90 км замыг туулан 09:00 цагт очжээ. Улмаар тус сумын харьяат 53 настай Ү (эрэгтэй), 43 настай Э (эрэгтэй), 3 настай хүү М нарыг “Ерөө” голын уснаас эсэн мэнд гаргасан байна. Харин автомашиныг татан гаргах боломжгүй байгаа аж.