Ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон Онцгой байдлын алба хаагчийн ар гэрийнхэн “Босоо хөх Монгол” ТББ-тай хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан ой хээрийн түймрийг унтаахаар үүрэг авсан онцгой байдлын гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Үнэнбат ажил үүргээ гүйцэтгэж байхдаа түлэгджээ. Түүний нүүр, нуруу, хонго, хөл, хоёр гар нь түлэгдэж, биеийн байдал нь хүнд байгаа талаар эхнэр А.Мөнгөнцэцэг нь ярьж байлаа. Гал сөнөөгч, аврагч Э.Үнэнбат нь онцгой байдлын албанд 19 жил ажиллаж буй бөгөөд Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг аж.
Эхнэр А.Мөнгөнцэцэг: “Ганцаараа хаана, яаж хандахаа мэдэхгүй сандарч яваад “Босоо хөх Монгол” гэх байгууллагад хандсан. Үнэхээр дэмжээд түшээд ирсэн чинь хонгилын үзүүрт гэрэл гарав уу гэж бодлоо. Манай нөхөр Онцгой байдлын албанд 19 ажил ажиллаж байгаа. Бид хоёр гэр бүл болоод 17 дахь жилдээ, дөрвөн хүүхдийн ээж, аав болсон амьдарч байна. Онцгой байдлын албанд 5000 алба хаагч тэдний эхнэрүүдийн ар гэрийн өмнөөс “Босоо хөх Монгол”-той хамтарч дуу хоолойгоо нэгтгэж байна. Албан үүргээ гүйцэтгэж явсан хүн өнөөдөр ард түмнээсээ гуйлга гуйж байна. Онцгой байдлын алба хаагчдад эрсдэлийн, даатгалын, амь насны хууль гэж байдаггүй юм байна” гэв.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Ч.Ганхуяг: “Онцгой байдлын газрынхан Алба хаагчдынхаа эрх ашгийн төлөө хөөцөлдөөч ээ. Монгол хүний үнэлэмж алга болчихлоо. Төрийн ажил хийж яваад, эрүүл мэндээрээ хохирсон залууд бүгдээрээ гар сунгаж, сэтгэлээрээ туслахыг нийт монголчууддаа урилж байна. Энэ хэрэг явдал 2019 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр болсон. Дөрвөн залуу гал унтраахаар явсны нэг нь Э.Үнэнбат. Одоо байгаа байдал нь нүд халтирмаар болсон. Ар гэрт эмчилгээний мөнгө байхгүй, орон гэр үр хүүхдээ тэжээж чадахаа байсан, хоёр гар нь мэдээгүй боолттой, сэтгэлээр маш их уначихсан энэ чигтээ үхэхгүй яав даа гээд уйлаад сууж байна. Одоо эмчлүүлэхээр хотод ирсэн байгаа юм байна. Э.Үнэнбатын ард дөрвөн хөөрхөн хүүхэд байгаа” гэлээ.
–ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАН ХААГЧДАД ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСНЫ ДААТГАЛ БАЙДАГГҮЙ–
Онцгой байдлын албан хаагчдад эрүүл мэндийн, эрсдэлийн, амь насны даатгал байдаггүйг Мөнгөнцэцэг ярьж байна. Тиймээс нөхрийнхөө эмчилгээнд дэмжлэг хүсч Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан аж. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэд, Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд Ө.Энхтүвшинд, Ө.Энхтүвшинд холбогдох албаныханд шилжүүлсэн хэмээн долоодугаар сарын нэгнээс хойш “судалсаар” байгаа аж.
Ахлах ахлагч Э.Үнэнбат одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд арьс нөхөх хагалгаанд нэг удаа орсон байна. Гэвч хоёр гар нь ямар ч ажиллагаагүй байгааг эхнэр нь хэллээ. Тиймээс нөхрөө эмчлүүлэхээр АНУ, Япон, БНХАУ, БНСУ-ын эмнэлгүүдэд хандсан байна. БНСУ-ын эмнэлэг Э.Үнэнбатыг эмчлэх боломжтой гэсэн хариу өгч, энэ сарын 30-нд солонгос эмч нар өөрсдөө ирж, авч явахаар ярилцсан байна. Харин түүнийг БНСУ-д эмчлүүлэхэд 200-250 сая төгрөг шаардлагатай аж. Тиймээс ард түмэнд хандан, тусламж үзүүлэхийг хүсч байна.
Онцгой байдлын албанд 5000 албан хаагч ажилладаг. Тэдэнд эрүүл мэндийн эрсдэлийн даатгал гэж байдаггүй аж. Харин амь насаа алдсан тохиолдолд нэг удаагийн 30 сая төгрөгийн тэтгэмж олгодог хууль дүрмийн зохицуулалттай юм байна.
Энхбатын Үнэнбат Хаанбанк 5094504536