Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 15-наас эхэлнэ

2025-09-01 13:291min
0cfc6f__MPA2280_x974

2025-2026 оны хичээлийн жил гурван улиралтай. Энэ жил өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгажээ. Бага ангийн сурагчид энэ оны арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн амарна.

Тэдний хичээл 2026 оны нэгдүгээр сарын 26-ны даваа гаригт эхлэх бөгөөд нийтдээ зургаан долоо хоног амрах юм. Өвлийн хамгийн хүйтэн улиралд амралтыг сунгаж байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалах, ханиад томуугийн дэгдэлтийг бууруулах зорилготой гэдгийг албаныхан мэдээлсэн.

Харин дунд, ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ эхний долоо хоногийн хугацаанд хичээл цахимаар үргэлжлэх юм байна.

Өвлийн амралтыг сунгасантай холбогдуулан 2026 оны зургадугаар сарын хичээлийн хуваарьт өөрчлөлт орж, зургаадугаар сарын 8-12-ны өдрүүдэд сурагчид хичээллэнэ. Тодруулбал, энэ долоо хоногт шалгалтын долоо хоног явагдах бөгөөд хичээлийн жилийн нийт хоног 170-185 байх хуулийн заалтыг хангах зорилготой аж.