УДШ Хангарьд ордон руу нүүжээ

Улсын дээд шүүх байршлаа өөрчилсөн талаар өнөөдөр /2025.09.01/ мэдээллээ. Тодруулбал, Улсын дээд шүүх Чингэлтэй дүүргийн 1-р хороо Ц.Жигжиджавын гудамж буюу Сүхбаатарын талбайн баруун талд хуучнаар Хангарьд ордон руу нүүж, байршлаа өөрчилсөн байна. Үүнтэй холбоотойгоор хяналтын шатны бүх шүүх хуралдааныг шинэ байранд товлон зохион байгуулах аж.
Улсын дээд шүүхээс 8.2 тэрбум төгрөгийн тендер зарлаж, “Хангарьд” ордныг засварласан юм.
Харин их засварын тендерт “Гранд авгуш” ХХК шалгарч, 7.7 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Түүнчлэн хотын захиргааны төв байрыг шүүх байгууллагын зориулалтаар засварлах зураг төслийг “Эрхэс констракшн” компани 308 сая төгрөгөөр хийжээ. Улсын төсвийн хүртээмжгүй байдлаас шалтгаалан шүүн таслах ажиллагааны байрыг сайжруулахад анхаардаггүй гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс удаа дараа мэдэгдэж байсан. Тодруулбал, тус зөвлөлөөс жил бүр шүүхийн хөрөнгө оруулалтын төсвийг УИХ-д өргөн мэдүүлдэг. Гэвч сүүлийн найман жилд УИХ-аас шүүхийн хөрөнгө оруулалтад нэг ч төгрөгийн төсөв баталж өгөөгүйн улмаас шүүхийн барилга шинэчлэх, шинээр барих, солих боломжгүй байсан гэдгийг хэлж байв.