СЭЛЭНГЭ: Аймгийн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлжээ

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 2025-2026 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлжээ.
Энэхүү тооцооллыг Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн хийсэн байна.
Тоон үзүүлэлтүүдийг баг бүрээр гаргахдаа бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээллийг үндэслэв.
Багийн нутгаар тооцоолсноор тодорхой газар нутгийн даацыг нарийвчлан тогтоож, түүнд тохируулсан малын тооцоолол хийх боломжтой гэж албаныхан тайлбарласан.
Энэ дүгнэлт нь аймаг, сумын түвшинд бэлчээр ашиглалтын төлөвлөлт, малын бүтцийн зохицуулалт, тэжээлийн нөөцийг урьдчилан тооцоход ашиглагдана.
Мөн малчдад өвөл, хаврын бэлчээрийн хомсдолд бэлтгэх, өвс, тэжээл бэлтгэх, малаа эрсдэлгүй шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах суурь мэдээлэл болно.
Албаныхан цаашид цаг уурын таатай болон хүнд нөхцлийг харгалзан даацыг жил бүрийн нөхцөлд нийцүүлэн шинэчилж байх шаардлагатайг онцолж байна.