Монгол иргэд гадаад хэлний мэдлэггүй эсвэл биеэ даан авч явах чадваргүйгээс төөрөх нь элбэг байдаг аж. Өнгөрсөн лхагва гаригт (2017.05.03) Австралын Сидней хотын захад тамхи татахаар гэрээсээ гарсан 66 настай Д.Гончигсүрэн сураггүй болжээ. Тэрбээр англи хэл мэдэхгүй, биедээ гар утас, мөнгөгүй байгааг ар гэрийнхэн нь цагдаад мэдэгдсэн аж.
Д.Гончигсүрэн нь тархины мэс засалд ороод удаагүй байсан гэнэ. Сидней хотын цагдаагийн газраас гарээсээ төөрсөн монгол иргэнийг хайж байгааг “Mirage News” агентлагт мэдээлсэн байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод өнгөрсөн есдүгээр сард ээж, эгчийн хамт зорчиж явсан бага насны хүүхэд төөрснийг азаар тус хотын цагдаа нар олжээ. Энэ мэдээллийг Монгол Улсын иргэн анх авч ээжээсээ төөрсөн хүүхэдтэй цагдаа нар хамт байгаа зургийг цахим ертөнцөд дэлгэснээр ээж эгч хоёртой нь уулзуулсан байна.
Түүнчлэн АНУ-ын Нью-Йорк хотноо 2014 онд аялж явсан 62 настай Д.Болд Манхэттен дүүрэгт төөрсөн юм. Тэрбээр мөн л англи хэл мэдэхгүйгээс төөрсөн байжээ. Л.Болд нь Лонг-Айландын Фейрфилдэд буудаллаж байсан аж.
2012 оны наймдугаар сард Гусино-озёрск хотоос гарч Хамар Давааг дамжин Байгал нуур луу явсан монголын хэсэг жуулчин төөрснийг Буриадын аврах албаныхан олж Бабушкин хотод хүргэсэн байв. Тэд орон нутгийн эрэх-аврах албанд бүртгүүлэлгүй биеэ дааж замд гарсан байсныг Буриадын албаныхан мэдээлсэн байна.
Хөгжингүй улс орнуудад хөгшид, хүүхдүүдээ төөрөхөөс сэргийлж, хаана явааг нь байнга мэдээлдэг GPRS биед нь суулгах, шинэ технологийг ашиглах зэргээр сонор сэрэмжтэй ханддаг билээ.