“Цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн өмчид авснаас хойш тэрбум давсан ашигтай ажиллаж байна”

2025-08-25 13:00
20250825_1

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өмчийн ашиглалтыг сайжруулах боломжтой үл хөдлөх хөрөнгүүдийг шат дараатайгаар олон нийтийн дуудлага худалдаанд оруулж байна.

Өнгөрсөн 6-р сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх хуучнаар эмйн үйлдвэрийн 3000 ам.метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр худалдсан. Дуудлага худалдаанд шалгарсан компани уг талбайд барилга угсралтын ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон гэж нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлсэн.

8-р сарын 25-ны өдөр буюу өнөөдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэ III хорооллын худалдааны төвд байрлах Шуудангийн 24-р салбарын байрыг 769 сая төгрөгөөс эхлэн дуудлага худалдаанд оруулах гэж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг аж ахуйн нэгж хууль бусаар авсан байсныг буцааж, 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Нийслэлийн өмчид авснаас хойш Цэнгэлдэх хүрээлэн сүүлийн хоёр жил дараалан ашигтай ажиллаж, нийслэлд нэг тэрбумаас давсан орлого оруулж байна.

Нийслэлд шилжүүлснээр Цэнгэлдэхийн гадна талбайн тохижилтыг хийж, баяр наадам болон бусад үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай явуулах боломж бүрдсэн. Цаашид ч ийм байдлаар ажиллана гэж Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэв.