Гэр бүлийн маргааныг шийдвэрлэхэд сэтгэлзүйч дэмжлэг үзүүлнэ

2025-08-25 12:00
ger

Улсын хэмжээнд Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн 73727 хэргээс гэр бүлийн маргаантай холбоотой шийдвэрлэсэн хэргийн тоо 6520 буюу нийт хэргийн 8.8 хувийг эзлэх болжээ. Иймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх тухай санамж бичиг байгуулснаар сэтгэл зүйч ажиллуулж эхэлжээ. Нийслэлийн гурван дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт наймдугаар сарын 20-ноос эхлэн сэтгэлзүйч ажиллуулж эхэлжээ.

Сэтгэлзүйч Б.Дайриймаа “Гэр бүлүүдэд өгөх мөнхийн зөвлөгөө гэж байдаг. Тэр бол харилцан яриа. Залуу гэр бүлүүд ч гэлтгүй ер нь бүхий л гэр бүлүүд хоорондоо маш сайн ярилцдаг байх хэрэгтэй. Долоо хоногтоо биш юм аа гэхэд сардаа нэг өдрийг гэр бүлийн өдөр болгон зориудаар өнгөрүүлдэг болох нь тогтвортой гэр бүлийн харилцаанд эерэг нөлөөтэй. Заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах шаардлагагүйгээр нэгэндээ итгээд, хайрлаад, нэгнээ илүү найз шигээ харж сурах хэрэгтэй” гэсэн юм.

Нөгөөтэйгүүр шүүхээс эвлэрэх хугацаа олгогдсон гэрлэгчдэд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн хамт сэтгэл зүйн туслалцаа үзүүлснээр гэр бүлийн салалтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Судалгаанаас үзвэл Монгол Улсын хэмжээнд өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг аж. Гэр бүл салалтын сөрөг нөлөөлөл нь хүүхдэд тусдаг нь хамгийн харамсалтай. Хүүхэд ээж аавынхаа аль нэгийг сонгох болдог, эсвэл дунд нь хаягддаг аж. Мөн гэр бүл салалтын шалтгааныг өөртэйгөө холбон ойлгож сэтгэл гутралд ордог гэх мэт асуудлууд бий.

Монгол Улсын хэмжээнд 2024 онд 3983 хос гэрлэлтээ цуцлуулсан бол 2023 онд 3707 хос салж байжээ. Энэ нь гэр бүл салалт нэмэгдсэнийг харуулж байгаа аж.