Есдүгээр сарын 15-наас нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, ААН-үүдийг миддлингд шилжүүлэхээр болжээ

2025-08-20 12:30
1be1f2eedcc24e08ef9a9fffc655553d

2025 оны наймдугаар сарын 1-ний өдрийн НЗД-ын захирамжаар нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг бүрэн зогсоож, айл өрх болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрс (миддлинг)-ийн хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо.

Тодруулбал ирэх есдүгээр сарын 15-наас өмнө нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжинэ.

Айл өрх болон аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэхгүй байх, зөвхөн баяжуулсан нүүрс ашиглах
Баяжуулсан нүүрсний тогтвортой нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” ХХК хариуцах
Уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, үе шаттайгаар баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулна.
Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг тэмцэх газар болон холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллана.

Судалгаагаар Багануурын түүхий нүүрсний дэгдэмхий чанар 44 хувь, миддлинг 22 хувь, хагас кокс 11 хувийг эзэлдэг болох нь тогтоогдсон.

2024–2025 оны өвлийн улиралд нийслэлийн аж ахуйн нэгжүүд нийтдээ 87 мянга гаруй тонн түүхий нүүрс хэрэглэсэн бөгөөд энэ нь агаарт ялгаруулсан бохирдлоороо 350 мянга гаруй тонн хагас коксн шахмал түлшний хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээтэй байна.

Иймд 2025 оны есдүгээр сарын 15-аас эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр боллоо гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.