2025-07-02 14:231min00

ТЭЦ-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох шалгаруулалтад дотоод, гадаадын дөрвөн компани саналаа ирүүлжээ

vsae9m_imported_image_x974

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг ТЭЦ-2-ын өмнөх үнсэн савны байршилд барих гэж буй. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658 сая ам.доллар. Санхүүжилтийн 80%-ийг хувийн хэвшил, 20%-ийг нийслэл хот хариуцна.

ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарласан юм. Өнөөдөр 10:00 цаг хүртэл саналыг хүлээж авахад дотоод, гадаадын найман аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс дараах дөрвөн компани саналаа ирүүлжээ.

“Пан-Чайна Констракшн групп” ХК
“Шунхлай Холдинг” ХХК
“Митайм Интернэшнл” ХХК
“Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК
Цаашид шаардлага хангасан оролцогчдын үнэлгээний ажиллагааг сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хууль, журмын дагуу үргэлжлүүлэн зохион байгуулж, шалгарсан оролцогчдыг дараагийн шатны уралдаант шалгаруулалтад урих бөгөөд төслийн үйл явц, шалгаруулалтын үр дүнг олон нийтэд мэдээлэх юм байна.

ТЭЦ-5 станц баригдчихвал Таван шар, 21 дүгээр хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, Нэгдүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун хэсгийн айл өрх, ААН-ийг дулаанаар хангана гэж тооцоолжээ.