П.Наранбаяр: Шалгадаг байгууллагад нь би бүрэн шалгуулна. Надад буруу хийсэн, хууль зөрчсөн зүйл байхгүй

Нэр бүхий Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүд өчигдөр Боловсролын сайдыг огцруулахыг шаардаж мэдээлэл хийсэн.
Энэ үеэрээ сургуулийн менежментийг сайжруулах төсөлд 1.2 тэрбум төгрөг зарцуулж байгаа нь авлига, ашиг сонирхлын асуудал гэж мэдэгдээд буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр сэтгүүлчид Боловсролын сайд П.Наранбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
– 1.2 тэрбум төгрөгийн талаарх асуудалд та ямар тайлбар өгөх вэ?
– 1.2 тэрбум гэдэг бол Боловсролын яамнаас 2022 оныг Сургуулийн менежментийг сайжруулах жил болгон зарлаад, түүнээс хойш тууштай хэрэгжүүлж байгаа ажлын нэг хэсэг нь.
2022 оноос эхлээд мөнгө төлөвлөөд менежментийг сайжруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр Боловсролын Ерөнхий Газарт миний өмнөх сайдын үед тушаалыг нь гаргаад, амжилттай явуулж байгаа. Түүнийг нь үргэлжлүүлсэн. Өмнө нь 80 сургууль байсан бол 120 болгож хамрах хүрээг нь өргөжүүлсэн. Төрийн өмчийн 705 сургууль байгаагийн 120-д нь хэрэгжиж байна. Эдгээр 120 сургуулийн ихэнх нь хөдөөгийн сургууль. Үр дүн гарч байгаа, жишээлбэл Дундговь аймгийн Элсэлтийн Шалгалтын дүн сайжирсан. Төсөл хэрэгжүүлж буй сургуулиудын 90 хувь нь сэтгэл өндөр байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Сургуулиуд сайжрах хэрэгтэй, сургуулийн шинэ соёл бий болгох хэрэгтэй. Захирал нь сургуулиа зөвхөн засвар үйлчилгээ гэж хардаггүй, сургалтын чанар, хүүхэд, эцэг эхийн сэтгэл ханамжийн төлөө ажилладаг байх хэрэгтэй.
– Сургуулийн менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллага нь юу хийдэг вэ?
– Ж.Галбадрах гишүүний үүсгэн байгуулсан төрийн бус байгууллага сонгогдсон байсан. 300 гаруй сургууль энэ төсөлд хамрагдах хүсэлтээ өгснөөс 120 нь сонгогдсон.
– Багш нар, сургуулиуд өөрсдөө энэ төрийн бус байгууллагыг сонгосон гэж үү?
– Өөрсдөө сонгосон.
– Нэг төрийн бус байгууллагыг бүгд сонгосон гэсэн үг үү?
– Энэ чиглэлийн үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа төрийн бус байгууллага гэж харсан гэсэн үг шүү дээ. Ямар нэг төрийн байгууллагын оролцоо байхгүй. Үр дүн нь гарч байгаа.
– Таныг огцруулах асуудал яригдаад эхэллээ. Та ямар байр суурьтай байна вэ?
– Шалгадаг байгууллагад нь би бүрэн шалгуулна. Шалгадаг байгууллага нь мэргэжлийнхээ дүгнэлтийг гаргаг. Надад буруу хийсэн, хууль зөрчсөн зүйл байхгүй.