2025-06-25 11:551min00

ОБЕГ: Хуурайшилттай үед аадар бороо орж байгаа учир тусгай хамгаалалттай газарт аянгын улмаас түймэр гарч байна

Screenshot 2025-06-25 115450

Ой, хээрийн түймэр болон цаг үеийн асуудалтай холбогдуулан холбогдох байгууллагуудаас өнөөдөр мэдээлэл өглөө.

2025 он гарснаас хойш 64 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 121 удаагийн ой хээрийн түймэр гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 40.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Булганд 11, Дорнодод 21, Сүхбаатарт 13, Сэлэнгэд 30, Хэнтийд 18, Төв аймагт 10 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт нийт 11 удаагийн түймэр бүртгэгдсэнээс Дорнодын Халхгол суманд нэг хээрийн түймэр бүртгэгдсэн бол Төв, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутгуудад ойн түймэр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад гарсан ойн түймрийг цурамд оруулаад байгаа аж.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Алтанбулаг, Цагааннуур, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур сумдад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байгаа юм байна. Тус сумдад гарсан ойн түймрийг унтраах үйл ажиллагаанд нийтдээ ОБЕГ-ын 359 гаруй алба хаагч, 22 автомашин, зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэг, орон нутгийн 76 иргэн, 16 автомашинтайгаар ажиллаж байгаа юм байна.

Төвийн бүс нутгаар хуурайшилт их байгаа үед аянга цахилгаантай бороо орж байгаагийн улмаас тусгай хамгаалалттай газруудад гарч байгаа түймрийн дийлэнх нь аянгаас болж байгаа аж.