“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэгт өчигдөр (2019.07.23) Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр оролцсон. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх түүний байр суурийг сонслоо.
-Юун түрүүнд Үндсэн хуулинд өнөөдөр гар хүрэх нь хэр зөв зүйтэй алхам болж байгаа талаар таны байр суурийг сонсъё.
-Үндсэн хууль бол нийгмийн толь энэ толийг 29 жил бохирдуулсан намууд үндсэн хуулийн бохирыг арилгах юм яриад байгаагийн цаана өөрөө эрх ашгийн нэг хэлбэр байна гэж би харж байгаа. Хууль мэддэг нь мэддэгүй болж жүжиглэдэг, мэддэггүй нь мэддэг мэт авирлаж Үндсэн хуулийн өөрчлөлт хийх гэж буй нь өөрөө алдаа юм.
-Та Ерөнхийлөгчид хандсан гэсэн. Энэ талаар тодруулаач.
-Намын эрх ашиг биш, ард түмний, улс орны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж байгаа юм. Энэ хүн бол нам бус иргэний төлөөлөл төдийгүй эв нэгдлийг хангагчийн хувьд “Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт”-ийг таслан зогсоож, ард нийтийн санал асуулгыг аймаг бүрээр явуулж, дараа нь улс төрийн намуудын, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч эрдэмтэн, судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч, хуульч нараар боловсруулан хэлэлцүүлж, өргөн хүрээнд шинэчлэн найруулах уу, эсвэл хэлбэр төдий нэмэлт, өөрчлөлт хийх үү гэдгийг шийдвэрлэх ёстой. Аймаг орон нутгаас санал авахдаа тухайн аймгийн сонгууль өгөх насны иргэний үнэмлэх гардан авсан нийт иргэдийн 70-аас дээш хувийг оролцуулан санал авсан байх ёстой. Тэгж байж сая ҮХ-д нэмэлт, өөрчлөлт, эсвэл шинэчлэн найруулах тухай яригдах болохоос зөвхөн хэсэг бүлэг нам нэртэй төрийн бус байгууллагуудын туган дор эвлэлдэн нэгдсэн, төрийг хүчгүй, өмчгүй, ард түмнийг мэдээлэлгүй, хуулиар хязгаарлсан бүлэглэлээр ҮХ-д гар хүргэж болохгүй юм.
-Та хэлэлцүүлэгт оролцохдоо ямар санал дэвшүүлэв?
-ҮХ-д оруулах нэмэлт, өөрчлөлт хийх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогтын хэлснээр 5 хоног Төрийн ордонд болж байгаа хэлэлцүүлэг ч гэнэ үү, зөвлөлдөх уулзалт ч гэж ойлгоно уу аль алинаар ойлгож болох асуудалд миний бие оролцож эрх зүйн чадамжгүй, ёс зүйгүй УИХ-ын гишүүд намаар түрэмгийлж, ҮХ-ийн өөрчлөлтийг хийх эрхгүй, харин УИХ-аа тараа гэдэг тодорхой байр сууриа илэрхийлж, саналаа хүргүүлсэн юм.
Улс төрийн намуудын УИХ болон орон нутгийн сонгуульд өрсөлдөх босго оноог 50001-ээс дээш давсан байх гэсэн нэмэлт, өөрчлөлтийг МУ-ын ерөнхийлөгч санаачилсан нь зөв. Гэвч хатуу гишүүнчлэлгүй буюу иргэдийг батлахаар хувьчилдаг байдлыг таслан зогсоох талаар дурдагдахгүй өнгөрсөн байгаа юм. Тиймээс нийтийн эрх ашгийг хангах зорилгоор УДШ-д бүртгэлтэй 33 нам бүгд өргөдлөө өгөөд татан буугдаж, дахин шинээр 100 мянган дэмжигч гишүүдийн давхацаагүй тоогоор бүртгэл хийлгэж, одоо ашиглаж буй намуудын нэрийг аль ч нам нь дахин сэргээн ашиглахгүйгээр, шинэ бодлогын чиг хандлага руу чиглэсэн цөөн тооны, Улсын эрх ашиг, ард түмний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, эдийн засгийн хараат байдлаас гаргаж чадах, улс төрийн хүчинг гаргаж ирэх тал дээр бүгд саналаа нэгтгэн зүтгэх цаг нь ирсэн.
-Ярианы эхэнд эрх ашгийн талаар дурдсан. Үндсэн хуулийг өөрчлөхийн цаана чухам ямар эрх ашиг явж байна гэж та харж байгаа юм бэ?
-МУ-ын ҮХ-д МАН олонхоор хүч түрж, нэмэлт өөрчлөлт хийхийг завдаж буй асуудлыг дэмжиж бүлэглэлийн эрх ашгийг түлхүү тавьж өгсөн УИХ тар гэдэг саналаа хүргүүлсэн гэдгээ хэллээ. Яагаад гэвэл ард түмний төлөөллийн саналыг давхацсан тоогоор сая гаруй санал авсан гэж ажлын хэсгийн гишүүд тайлбарлах авч, тухайн намын зүгээс намын гишүүний батлах олгосон гишүүдээ аймаг, нийслэл дүүрэг, орон нутагт ажиллаж буй гишүүд нь цуглуулж, өөрсдийн хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилсанаа ард нийтийн санал авсан мэт тайлбарлаж байна. Энэ нь тэд ҮХ–иас давсан өөрсдийн эрх ашиг, хөрөнгө оруулагч нэртэй гадаадын нөхдийн төлөө 29 жил тэдэнд ажиллах таатай нөхцөл байдлыг бий болгож, Монголын ард түмнээс газрын доорх болон дээрх баялаг, өмч, хөрөнгийг завших зорилго агуулж хуулийн шинэчилсэн найруулга, нэмэлт өөрчлөлт, дагалдах журам, тогтоолыг боловсруулж ирсэнээ бататгахын тулд хийж байгаа үйлдэл. Өнөөдөр ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтийг эрх ашгаа олон жилээр хадгалан үлдэх зорилго агуулан зүтгүүлж буй увайгүй, эх орон, тусгаар тогтнолоосоо урвасан үйл ажиллагааг таслан зогсоохыг шаардаж байна аа.
МАН болон бусад харилцан тохирсон бүлэглэл ҮХ-д нэмэлт, өөрчлөл хийж ард түмнийг доромжилж болохгүй. Бүгд л дарга, Бүгд л баатар болох гэсний шаардлага огт байхгүй. Нэгдмэл бодлоготой, хариуцлагатай, ёс зүйтэй, эх оронч л ард түмэн, төр засаг, нам байх ёстой.